Ойрын өдрүүдэд малаа хол бэлчээхгүй байхыг ХХААХҮЯ-наас анхааруулав
Ойрын гурван хоногт тохиох байгалийн аюулт үзэгдэлд бэлтгэлтэй байх, гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан зарим аймаг сумдын удирдлагуудтай энэ сарын 14-нд яаралтай цахим хурал хийлээ.
Энэ сарын 15,16,17-нд иргэд малаа холын бэлчээрт гаргахгүй байх, хүнс тэжээлээ хангалттай нөөцлөх, хүүхэд багачуудыг гэрт нь харгалзах хүнгүй орхихгүй, малд явуулахгүй байхыг ХХААХҮ-ийн сайд анхааруулав.
Тэрбээр "Хүндэтгэн үзэх шалтгаанаар зайлшгүй замд гарч байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, бензин шатахуунаа нөөцлөх, дулаан хувцаслахыг анхааруулж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж аймаг орон нутгийн зам, давааг хаах арга хэмжээ авч болзошгүй. Тиймээс иргэд та бүхэн энэхүү шийдвэрийг дагаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна" гээд аймаг сумдын удирдлагуудад иргэд малчдад сэрэмжлүүлэг хүргэх, аюулт үзэгдлээс сэргийлэх ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Цаг агаарын аюулт үзэгдэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож, бусдад дамжуулах, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.