Сергей Диордица: Цар тахлын үеийн нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтээр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица  шинэ коронавирусний цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. 

Тэрбээр, "УОК-оос олон нийтийн цуглаан, Цагаан сарын баяр зэргийг хязгаарлах арга хэмжээг сайн авсны зэрэгцээ энэ сарын 6-8-нд цар тахлын үеийн зохион байгуулалтын дадлага сургууль хийсэн. Энэ нь мэргэжлийн байгууллагуудын хамтран ажиллах тогтолцоог сайжруулах ач холбогдолтой бөгөөд хэрвээ дотоодод халдвар тархвал хариу арга хэмжээ авах бэлэн байдлаа хангаж буй хичээл зүтгэлийг харуулсан чухал дадлага болсон. Бүх асуудлыг Монгол Улсын Засгийн газар, УОК-ын түвшинд авч хэлэлцэж, Эрүүл мэндийн салбараас гадна бүх мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэг оролцоотой энэ цар тахлын эсрэг монголчууд эв нэгдэлтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг өдөр тутмын ажилдаа мөрдөж байгааг сайшаах нь зүйтэй. 

Одоо бид ирээдүйгээ бодох цаг болжээ. Дэлхийн 210 гаруй улсад энэ өвчин тархсан, өндөр хөгжилтэй орнуудыг ч хамарсан. Харамсалтай нь бид маш олон хүний амийг алдлаа. БНСУ, БНХАУ, Вьетнам улсууд энэ цар тахалтай маш сайн тэмцэж байгаа нь сайшаалтай. 

Энэ халдварыг зогсоохын тулд Засгийн газар болон ДЭМБ-ын гаргаж буй шийдвэрийг олон нийт дагаж мөрдөх нь хамгийн чухал. Мэдээж хягзаарлах, хөл хорио тогтоох нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Хүн бүр цар тахлын өмнөх цаг үе рүү буцаж, хэвийн амьдралдаа орохыг хүсэж байгаа. Гэхдээ бид цаашид нөхцөл байдлаас хамаарч олон нийтийн дунд хязгаарлах, хөл хорио тогтоох шийдвэр гаргаж магадгүй. Тиймээс энэ цар тахлын үеийн нөхцөл байдалд бид дасан зохицох шаардлагатай байна. 

 

Өнөөдөр нийгэмд гарч байгаа худал ташаа мэдээллийг үгүйсгэхээр энэхүү мэдээллийг хийж байгаа юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хэлж буйгаар энэхүү өвчнийг тусаж эдгэрсэн хүн дахин халдвар авах магадлалтай. Бид найз нөхөд, гэр бүл, улс нийгмээ хамгаалахын тулд  гараа тогтмол угааж, олон нийтийн газар бусдаас зайгаа барих, дасгал хийх, архи тамхи хэрэглэхгүй байх зөвлөгөөг дагах ёстой. Удахгүй зун болж хүмүүс гадагш гарч найз нөхөдтэйгөө уулзаж амрахыг хүсэж байгаа. Гэсэн ч энэ цар тахал дуусах болоогүй, шинэ тохиолдол хэзээ ч илэрч болно гэдгийг сайтар ойлгож, тайвширч болохгүй юм. 

Монгол Улсад жил бүр 11-12 дугаар сард томуугийн улирал эхэлдэг. Олон нийт энэ үеэр Монголд коронавирус орж ирээд дууссан гэж ярьж байгаа нь шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй юм. Энэ өвчнийг анх 2019 оны 12 дугаар сараас өмнө шинжлэх ухаан олж тогтоогоогүй байсан, шинэ өвчин юм. ДЭМБ болон Монгол Улсын Засгийн газар худал ташаа мэдээг үгүйсгэхээр хичээж байна. Ташаа мэдээ нь халдвараас ч илүү бидэнд аюул авчрах сөрөг нөлөөтэй юм. Тиймээс аль хэдийн надад дархлаа тогтсон гэж өөрийгөө болон өрөөлийг битгий аюулд учруулаарай. Найдвартай эх сурвалжаас баттай мэдээ авч бидний ажилд туслахыг хүсэж байна. 

Өчигдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусний батлагдсан 98 тохиолдол бүртгэгдсэн байна. Бид халдвар хамгааллын арга хэмжээг сайн авахгүй бол дотоодод тархах магадлалтай. Ийм эрсдэлтэй үед байгаа тул хязгаарлалтыг улам чангатгаж магадгүй. 

УОК-оос эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж байгаа бөгөөд энэ вирусний эсрэг вакцин, эм байхгүй тул төр засгийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй юм. Энэ хэцүү цаг үеийг монголчууд хамтдаа даван туулах болно. 

Монгол Улс гадаадаас эх оронд нь авчирсан хүмүүсээс коронавирусний тохиолдол илэрсэн бөгөөд олон улстай харьцуулахад дотоодод халдвар тархаагүй цөөн улсын нэг. Тиймээс Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэмээр байна" хэмээв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Европын зарим улс орон хөл хориогоо сулруулж байна. Гэхдээ халдвар зогсохгүй, цаашид энэ байдалдаа дасан зохицохыг уриалж байна. Ийм үед хөл хориог сулруулах нь хүмүүст энэ өвчнөөс айх аюулгүй гэсэн ойлголт төрүүлж байна?

-Бидний үзэж буйгаар, вакцин гарах хүртэл амиа алдах хүмүүсийн тоо нэмэгдэх байх. Тиймээс одоогийн энэ байдалд дасан зохицож өөрийгөө хамгаалах нь зүй. Мэдээж хязгаарлалтын улмаас эдийн засаг, нийгэмд сөргөөр нөлөөлж байгаа ойлгож байгаа. ДЭМБ-ын ерөнхий захирлын хэлснээр, хөл хориогоо тайван, удаан сулруулах ёстой. Хэвийн болгох гэж яарвал олон нийтийн дунд эргэлзээ бий болгох аюултай. Бид аль болох тэнцвэртэй шийдвэр гаргахыг хичээж байна. Хүмүүс ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж, өөрийн болон бусдын амь насыг хайрлаж, хамгалаах ёстой. 

-Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага ямар түвшинд ажиллаж байна гэж дүгнэх вэ?

-Монгол Улс маш өвөрмөц нөхцөл байдалтай байна. Хилийн чанадаас ирсэн хүмүүсээс коронавирус илэрч, шаардлагатай арга хэмжээг авч тусгаарласан. Дотоодод халдвар алдаагүй. Гаднаас ирж байгаа иргэдээ яаралтай эмчилгээнд оруулж байна. Тэдэнтэй харьцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд бүгд хамгаалах хэрэгсэлтэй, энгийн хүмүүстэй хавьтахгүй мөн тусгаарлалтад байгаа юм. Монгол Улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна гэж ДЭМБ дүгнэсэн. ЭМЯ-наас иргэдэд заавар, зөвлөмж өгөх ажлыг маш сайн гүйцэтгэж байгаа. 

-Энэ өвчний вакцин хэзээ гарах вэ?-Вакцин үйлдвэрлэгчдээс сайн мэдээ гарч эхэлсэн. Гэхдээ зарим нь 12 сар, зарим нь 18 сарын дараа үйлдвэрлэх боломжтой гэж мэдэгдсэн. Бид бүхэн вакцин гарахыг хүсэн хүлээж байна. Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх мэргэжилтэн найз маань надад вакцин гарах магадлал мөш өндөр гэж хэлсэн. 

-Цар тахлын үед Монгол Улс сонгууль хийх гэж байна. ДЭМБ-аас ямар зөвлөмж өгөх вэ. Ер нь ийм нөхцөлд сонгууль хийх нь зөв үү?

-ДЭМБ-ын гол зорилго нь ямар ч үед олон нийтийн эрүүл мэндийг хангах ёстой. Олон хүн цугларах шаардлагатай үед бид бүх боломжоороо дэмжиж хамтран ажиллах болно. 

-Цар тахал 4-5 жил үргэлжилнэ гэсэн мэдээ гарч байна?

-Миний хувьд, цар тахал түүнээс өмнө дарагдана гэж найдаж байна. Монгол Улс, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг улс вакцин байхгүй ч хязгаарлах, тусгаарлах арга хэмжээг дорвитой авснаар халдвар тархах эрсдэлийг зогсоож байна. Өмнө нь бид  H1N1 халдварыг вакцин гарснаар дарсан. Үүний адил вакцин гарвал нөхцөл байдал өөр болно. Эцэст нь хэлэхэд, цар тахлын эсрэг амжилттай ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, ОБЕГ болон мэргэжлийн бусад салбар хоорондын байгууллага, олон улсын түнш байгууллагад талархал илэрхийлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.59.124)