“Хүүхэд хамгаалагч” төслийг амжилттай хэрэгжүүлж байна

“Хүүхэд хамгаалагч төсөл”-ийг 2019 онд туршилтаар, 2020 оноос 21 аймгийн төв, нийслэлийн 9 дүүргийн 172 хороонд амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

Тус төсөл нь Цагдаагийн байгууллагаас ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газарт аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж аливаа эрсдэлээс хамгаалах зорилготой.  

Төслийг Ахмад настны тухай хуульд заасан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайн нутаг дэвсгэрт оршин суух хүүхдийн болон боловсрол, эрүүл мэнд, цэрэг, цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан 65 хүртэлх насны ахмад настнуудыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулж байна.

“Хүүхэд хамгаалагч” эргүүл нь гудамж, талбай, олон нийтийн газраар эргүүлийн үүрэг гүйцэтгэн, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, иргэдэд зөвлөгөө өгч, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх, таслан зогсоох үүргийг хэрэгжүүлж байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 41.5 хувиар тус тус буурсан хэдий ч эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт, анхаарал халамж хангалтгүйгээс хүүхэд гэмт халдлагад өртөх, гэмтэж бэртэх, сэтгэл гутрах улмаар амь нас, эрүүл мэндээр хохирох явдал гарсаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.45.144)