Эдийн засаг сэргэхийн хэрээр ажилгүйдэл буурсаар байна
Коронавирусний цар тахалтай холбоотойгоор тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахын хэрээр ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийн тоо нэмэгдэх нь удааширна гэж АНУ-ын эрх баригчид найдаж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга Кевин Хассет мэдэгджээ.
Тавдугаар сарын 3-наас 9-ний хооронд Америкийн 2.98 сая иргэн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ гаргасан тухай АНУ-ын Хөдөлмөрийн яам өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ
"Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийн тоо урьдын хэвээр их байгаа хэдий ч бидний таамаглаж байснаас бага байна. Гурван сая хүрэхгүй хүн тэтгэмж авах хүсэлтээ илгээсэн нь эдийн засаг аажмаар сэргэж эхэлж байгааг харуулж байна" хэмээн Кевин Хассет ярьжээ.
Дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-ны хугацаанд Америкийн 3.16 сая иргэн тэтгэмж авах хүсэлтээ илгээжээ. Коронавирустэй холбоотойгоор хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээс хойш АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийн тоо 36.5 сая орчимд хүрсэн байна.