Нью-Йорк муж улсад тогтоосон хорио цээрийг хэсэгчлэн сулруулна

АНУ-ын Нью-Йорк муж улсад коронавирус тархсаны улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг тавдугаар сарын 15-наас эхлэн хэсэгчлэн сулруулахаар болжээ. Ийм захирамжийг тус муж улсын захирагч Эндрю Куомо пүрэв гарагт гаргасан байна.

Уг захирамжийн дагуу 210 мянга орчим хүн амтай Рочестер болон 150 мянган оршин суугчтай Сиракьюс хотод, мөн Пенсильван муж улстай хил залгаа оршдог тойргуудад өөрийгөө тусгаарлах дэглэмийг аажмаар сулруулна. Эдгээр газарт эхний ээлжинд барилга, аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх аж.

Үүний зэрэгцээ, муж улсын бусад хэсэгт хорио цээрийн арга хэмжээг зургадугаар сарын 13 хүртэл сунгасан байна. Тиймээс Нью-Йорк хот үүнд хамаарахгүй юм. Гэхдээ халдвар авсан хүмүүсийн тоо буурсан тохиолдолд зарим газарт хязгаарлалтыг хугацаанаас нь өмнө цуцлах боломжтой гэдгийг Куомо тэмдэглэжээ.

Нью-Йорк муж улсад коронавирусний халдвараар өдөрт нас барсан тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 157 хүн нас баржээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, тус муж улсад 330 мянга гаруй хүн халдвар авч, 27600 гаруй хүн нас барсан байна. АНУ-д нийтдээ 1.4 сая гаруй хүн халдвар авч, нас барсан тохиолдлын тоо 85900 давжээ. Харин цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 4.4 сая орчим хүн коронавирусээр халдварласан бол нас барсан тохиолдлын тоо 300 мянга давсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.145.37)