ТОП аж ахуйн нэгжүүдийг маргааш зарлана
Засгийн газартай хамтран Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ ТОП-100 ААН-ийг жил бүр эрэмбэлэн зарладаг уламжлал ёсоор маргааш энэхүү үйл ажиллагааг зохион байгуулна.
Энэ жил "COVID-19"-ийн нөхцөл байдлаас шалтгаалж ТОП ААН-үүдийг өргөмжлөх, эрэмбийг цахимаар зарлаж, "Блүүмберг" телевизээр шууд дамжуулахаар болсон тухай МҮХАҮТ-аас мэдээллээ.
2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 3.4 их наядаар өсөж, 34.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь ДНБ-ний 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсөж, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.
2018 онд ТОП 100 ААН-ийн төлсөн татвар нь татварын нийт орлогын 50 хувийг эзэлж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 15 хувиар өсжээ. Үүнд ажиллагсдын тоо 6 мянгаар нэмэгдэж 89 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8 хувьтай тэнцэж байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 27 хувийг бүрдүүлжээ.
ТОП ААН-үүдийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэн Сангийн яам, ГЕГ, Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэлийн газар, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүдийн хамтарсан ажлын багийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлдэг юм.