НИТХ: “Налайхад олон улсын ачаа тээврийн парк” байгуулахыг дэмжлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Налайх дүүрэгт барьсан “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв”-ийг түшиглэн “Олон улсын ачаа тээврийн парк” байгуулах тогтоолын төслийг дэмжлээ. 

Худалдаа, ложистикийн төвүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна гэдгийг нийслэлийн инноваци, технологи хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат онцоллоо. Тэрээр эхний ээлжинд ачаа тээврийг 10 га талбайд буулгахаар төлөвлөснийг мэдээллээ.

“Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв”-д өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсвөөс 11.2, улсын төсвөөс 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, дэд бүтцийн ажлыг шийджээ. Паркад 71 ААН үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргаснаар өдгөө 27 байгууллага гэрээ байгуулж, 6 нь үйлдвэрлэлээ эхлүүлжээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад бүсийн ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын зам тээврийн ачааллыг бууруулах байгаль экологид хортой үйлдвэр аж ахуйн газруудыг нийслэлээс гаргах зэрэг бодит шалтгааны улмаас төмөр зам дагасан дагуул хот сууринг түшиглэн шинэ ложистикийн төвийг Улаанбаатар хотын баруун /Эмээлт-аргалант/, зүүн /Налайхын орчим/, урд /Аэросити/ хэсэгт тус тус байгуулахаар заасан юм. 

“Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” болон “Налайх олон улсын ачаа тээврийн парк”-ийг байгуулснаар 20 мянган хүн тогтсон ажлын байртай болж, 20-30 тэрбум төгрөг татвар хураамжаар улсад төвлөрөх аж. Үүнээс гадна Улаанбаатар хотын 1200 га зам талбайг чөлөөлж, тэр хэмжээгээр нийслэлийн ногоон талбай нэмэгдэж, Налайх дүүрэг хөнгөн аж үйлдвэр, аялал жуулчлал, ложистикийн төв хот болох давуу талтай аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.215.30)