2000 өрхийн орон сууцны төслийн газрыг шийдлээ

НИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2000 өрхийн орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх газрыг шийдлээ.

Тодруулбал, “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэхээр сонгосон НИТХ-ын эзэмшил бүхий Сонгинохайрхан дүүргийн I хороо, Баянголын амны 10 га газрын эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгч НОСК ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тухайн байршилд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг 2020-2024 онд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тогтоод байгаа юм. 2007-2013 онд дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн. Энэ онд гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах юм. Нийтдээ 10 га талбайд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд 2007 өрхийн орон сууц, 840 хүүхдийн суудалтай сургууль, 400 хүүхдийн цэцэрлэг, 1500 автомашины зогсоол барих төлөвлөгөөтэй юм. 

“НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, “Төслийг хэрэгжүүлснээр түрээслээд өмчих хэлбэрээр 2000 өрх байртай болно. Бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн” гэдгийг мэдэгдлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид орлогод нийцсэн орон сууцны төслийг нийгмийн эрэлттэй төсөл хэмээн үзэж, НИТХ-ын эзэмшилд байсан, орон сууцны төсөл хэрэгжүүлэх зориулалт бүхий 10 га газрыг НОСК-д шилжүүллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.89.152)