Хотын шинэ дарга С.Мөнхчулуун нийслэлчүүддээ хандан захидал бичжээ
Сайн байна уу эрхэм хүндэт Нийслэлчүүдээ.
2019 оны 1 сарын 16 ны өдөр хуралдсан НИТХ-ын хуралдаанаар миний бие өөрийн нэрийг Нийслэлийн Засаг даргад заалнаас нэр дэвшүүлэн өрсөлдөж, нийт Нийслэлчүүд та бүхний төлөөлөл болох НИТХ-ын төлөөлөгчдийн 55,8% ийн саналаар Нийслэлийн Засаг даргад сонгогдох эрхийг авсандаа талархаж байна.
Хуульд заасны дагуу НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын санал авч сонгогдсон хүний нэрийг НИТХ-ын тогтоолын хамтаар Монгол улсын Ерөнхий сайдад хүргүүлж батламжлуулдаг учиртай. Гэвч одоогийн байдлаар НИТХ-ын тогтоол хүргэгдээгүй байна.
Ерөнхий сайдад хүргэгдсэний дараа Ерөнхий сайд хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
Гэтэл энэ хугацаанд нийслэлчүүд та бүхний өмнө миний нэр хүндийг унагаах гэсэн тодорхой зорилготой, зохион байгуулалттай гүтгэлэг, дайралтууд хирээс хэтэрч байгаа тул тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.
– Нийслэлийн Засаг даргыг сонгох санал хураалтад ялснаас хойш цахим сүлжээгээр дайрч байгаа энэ бүх гүтгэлэг, доромжлолууд үнэн байсан бол нэгт би өнөөдөр нэр дэвшээд ялалт байгуулаад явж байх биш өөр газар сууж байх байсан, хоёрт өнөөгийн улс төрчид хоорондоо өрсөлдөхдөө хийж бүтээх ажил, зорилго зорилтоороо биш, харин нэгнийгээ хэрхэн харлуулж сугарч үлдэх вэ гэдгээрээ өрсөлддөг болсныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн бодлого сөрж заалнаас өөрийгөө дэвшүүлэн өрсөлдөх зориг гаргаж чадах байснуу, гэдгийг та бүхэн мэргэн оюундаа тунгаана биздээ.
Миний хувьд гишгэсэн газраа эргэж харах биш гишгэх газраа түрүүлж харах зарчмыг баримталж явдаг хүн.
Тийм ч учраас төрийн албанд 10 гаруй жил ажиллахдаа надад өчүүхэн ч гэсэн гаргасан алдаа эндэгдэл, идсэн, уусан шамшигдуулсан зүйл үгүй учир намайг сэлэм барьж гүйсэн сахилгагүй дүүтэй маань холбож, дүү нь ийм юм чинь ах нь танхай балмад амьтан гэж харагдуулах төлөвлөгөөтэйгөөр хар тамхи, тоглоомын газар, мафи гэх зэрэг хар PR явуулж байна.
– Цэрэг дэглээд, хөлийг нь хөлдөөгөөд армиас хөөгдсөн гэсэн байна. Миний бие дүүргийн ЗДТГ-ын дарга, дүүргийн цэрэг татлагын товчоон даргаар ажиллаж байсан боловч цэргийн ангид ажиллаж, цэрэгтэй харьцаж яваагүй юм.
– Миний дүүгийн сэлэмтэй гүйсэн буруу үйлдэлд би ч гэсэн маш их дургүй байдаг, ахын хувиар загнаж шүүмжилж байгаа. Өөрөө бол өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалж хариу авахаар очсон гэж тайлбарласан, гэсэн хэдий ч 21 дүгээр зуунд, эрх зүйт төртэй, ардчилсан улсад амьдарч байгаа хүн цагдаад гомдол гаргаад хуулийн дагуу асуудлаа шийдүүлэхийн оронд 19 дүгээр зуунд амьдарч байгаа хүн шиг өөрөө гүйж очиж буруу, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж загнадаг юм.
Нэгэнт хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудал дээр аль болох дугарахгүй байхыг хичээж өнөөдрийг хүрсэн.
Тусдаа амьдралтай, нас биед хүрсэн хүнийг ахтай нь хамаатуулж надруу дайрахыг бие хүний хувьд би хүлээн зөвшөөрч болох ч гэсэн, иргэдээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчийн минь хувьд хамаатуулахгүй байгаасай гэж боддог юм.
– Хадам ээжийн ХХК тай холбоотой асуудал гаргаж тавьсан харагдсан тэр бол Зам тээврийн Яамны дэд сайд асан шилэн хэмээх Цогтгэрэлийн хадам ээжийн Улаанбаатар радио ХХК, манай хадам ээжийн Наранбулаг сервис ХХК-ын үсчин, гоо сайхан, цайны газрын байрыг өмч хувьчлал нэрээр дээрэмдэж авах гэсэн оролдлоготой холбоотой 14-15 жил хоорондоо шүүхдсэн маргаантай асуудал юм билээ. Энэ асуудал нь намайг энэ айлын хүргэн болохоос ч өмнөх маргаан юм.
2016 онд 3 шатны шүүхээр явж дуусаад дээд шүүхээс Улаанбаатар радио ХХК г энэ талаар дахин маргаан үүсгэхгүй байхыг даалгасан шийдвэр гарсан юм билээ.
Энэ асуудалд би огт оролцдоггүй гэдгийг албан ёсоор хэлье, өнөөдрийг хүртэл Улаанбаатар радио ххк нь Наранбулаг сервис ххк-ын түрээслэж байсан 175 м2 байрыг булаан авч өөрийн түрээслэж байсан 1000 м2 байртай нийлүүлэн ямар ч үнэ төлбөр, түрээсгүйгээр 10 гаруй жил ашиглаж, эзэмшиж байгаа билээ.
– АН -ыхны саналын дэмжлэгтэйгээр гарч ирлээ, МАНАН, 60 тэр бум гэж надруу дайрч байна лээ. Нууц санал хураалтаар явагдсан сонгуульд хэн хэний төлөө санал өгснийг мэдэх ямар ч боломж байдаггүй юм. Хэрэв АН-ынхан намайг дэмжиж саналаа өгсөн бол би баярлалаа гэдгээ хэлэх байна. Бид АН, МАН хамаагүй Монгол улсын нийслэлийг хөгжүүлэх гэдэг нэгэн зорилго дээр нэгдэн НИТХ гэдэг байгууллагад төлөөлөгчөөр сонгогдож ирсэн хүмүүс.
Надад тэр бичээд байгаа шиг 5 тэр бум төгрөгөөр 5 хүний санал худалдаж авдаг зарчим, ёс зүй, мөнгө нь ч байхгүй. 5 тэр бум байтугай 5 мянган төгрөг ч зарцуулаагүй өрсөлдөж гарсан гэдгээ бардам хэлэх байна. Хэрэв ямар нэгэн баримт, жижигхээн ч гэсэн сэжүүр байвал би өөрөө нэрээ татчихъя гэж хэлмээр байна.
ЦААШИД:
Нийслэлийн Засаг даргын Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд бидэнд 1,5 жил үлдээд байна. Энэ бол хийх хүнд их хугацаа, хийхгүй хүнд бол 4 жил ч бага хугацаа юм. Богино хугацаанд их ажлыг амжуулахын тулд хурд хэрэгтэй, хурд гэдэг бол олуулаа, багаараа, зөв менежментээр ажиллах хэрэгтэй гэсэн үг юм.
1. Агаар, хөрсний бохирдлын асуудалыг түргэн шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон газруудын ажлыг гацаанаас гаргаж урагшлуулах.
2. Нийтийн тээврийг шинэчилж, түгжрэлийг бууруулах.
3. Ажилгүйдлийг бууруулж, иргэдийг орлоготой болгох, гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч ажиллах
4. Бид хувийн хэвшлээ дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх дүрэм, журмуудыг боловсронгуй болгож, төрийн хүнд суртлыг арилгана.
6. НИТХ-ын гаргаж буй эрх зүйн акт нийслэлийн нутаг дэвсгэрт УИХ ын тогтоол шийдвэртэй тэнцэхүйц хууль эрх зүйн чадамжтай байх талаас нь ажиллана.
7. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулан, Нийслэлд мөрдөгдөх бүхий л асуудлуудыг НИТХ өөрөө шийддэг байх зорилго тавьж ажиллана.
8. Хүүхэд залуусд ээлтэй нийгэм, ээлтэй хотыг бий болгоно. Энэ чиглэлээр хийх миний хамгийн эхний хатуу тэмцэл хар тамхи, хууль бус тоглоомын газрууд байх болно гэдгийг амлаж байна.
Эцэст нь хэлэхэд богино хугацаанд олон том ажлыг хийж хэрэгжүүлж амжихгүй ч гэсэн эхлэлийг нь тавьж зөв голдиролд нь оруулна гэж зорьж байна.
2012 оныг хүртэл Концессын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа эхлэлийг нь тавьж байсан
Эмээлтийн технологийн парк төсөл, Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Амгалан дулааны станц,
BRT буюу тусгай замын автобус төсөл, Нисэх, Яармаг, Шувуун Фабрикын зам гэх мэт ажлууд 3 засаг өөрчлөгдсөн ч өнөөдөр биелэлээ олоод явж байна.
Төрийн ажил тасралтгүй явдагийн тод жишээ гэж харж байгаа.
Надад сошиалаар олон хүн суулгаад, олон хуурамч хаяг нээгээд энэ их гүтгэлэг, доромжлолуудтай тэмцэх хөрөнгө, хүч байхгүй учир нийслэлийн иргэдээсээ дэмжлэг туслалцаа хүсч буйг хүлээн авч, дэмжиж, түгээж өгнө үү!!!
Хуурамч хаягнууд хүчтэй юу? Нийслэлийн иргэд хүчтэй юу? гэдгийг хамтдаа ойлгуулцгаая, баярлалаа.
Хүндэтгэсэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох санал хураалтанд олонхийн санал аваад буй НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Самданнямын Мөнхчулуун.