Болзол хангасан даатгуулагч 55-60 насандаа тэтгэвэрт гарч болно

УИХ-аас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 2-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байгаа билээ. Энэ талаар НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс тодрууллаа.

-Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ?

-Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлж байгаа. Ингэснээр өмнө нь эрэгтэй хүн 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж байгаа юм. Жишээ нь, 2019 онд эрэгтэй даатгуулагч 60 нас 6 сар, эмэгтэй даатгуулагч 55 нас 6 сар хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг.

-Болзол хангасан даатгуулагч 55, 60-тайдаа тэтгэвэрт гарч болно гэдгийг тодруулна уу?

-Тийм ээ, хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан байх ёстой. Энэ жилийн тухайд даатгуулагч 20 жил 6 сар ба түүнээс дээш  хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ гэсэн үг юм.

-Өнгөрсөн жил хэчнээн хүний тэтгэвэр тогтоолгох хугацаа хойшилсон бэ?

-2018 онд 29 мянган тэтгэвэр авагч шинээр тэтгэврээ тогтоолгосон. Үүнээс 3.2 мянга хүний тэтгэврийн насыг хойшлуулжээ. Харин үлдсэн 90 хувь нь хуучин нөхцөлөөрөө буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгосон байна.

Бүрэн тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн хувьд ихэвчлэн 25 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн байдаг. Тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч хуулиндаа өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно гэж заасан тул 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн ч бий. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг хойшлуулсан хуулийн заалт нөлөөлөх даатгуулагчийн тоо харьцангуй бага байна. 

2017 оны байдлаар манай улсын хүн амын дундаж наслалт 69 байна. Тэтгэвэртээ гарснаас хойш ахмадууд 17-25 жил амьдарч, ийм хугацаанд тэтгэвэр, тэтгэмжээ авч байгаа гэсэн статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооноос гаргажээ.

Хүн амын дундаж наслалт гэдэг нь шинээр төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа юм байна. Харин ахмадуудын цаашид амьдрах насны дундаж хугацааг тодорхойлохдоо тухайн насны хүн амын нас баралтын түвшин, нас барах магадлал зэрэгт тулгуурлан нас насны бүлгээр нь тооцоолж гаргадаг байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.30.113)