Умард Солонгосын удирдагч Кубын эрх баригчдад захидал илгээжээ
Кубын Төрийн зөвлөл бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Мигель Диас-Канель болон Кубын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро нарт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун захидал илгээжээ. Энэ тухай Кубын телевиз мэдээлсэн байна.
Захидлыг Умард Солонгосын Төрийн зөвлөл бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Цой Рён Хэ дамжуулан өгчээ. Тэрбээр Куба улсад ажлын айлчлал хийж байгаа аж. Захидал ямар утга агуулгатай байсан нь тодорхойгүй байна.
Цой Рён Хэ өнгөрсөн мягмар гарагт Диас Канельтай уулзжээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын ард иргэд, нам, засгийн газар хоорондын харилцааг амжилттай хөгжүүлж байгааг цохон тэмдэглэхийн сацуу олон улсын харилцан сонирхсон асуудлуудыг хэлэлцжээ.
Куба болон Умард Солонгос улс 1960 онд дипломат харилцаа тогтоож байжээ.