Москва хотод 8033 хүн эдгэрчээ
ОХУ-ын Москва хотод коронавирусний халдвар авсан 8033 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 61619-д хүрсэн тухай тус хотын даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова мэдэгджээ.
Өмнө нь нэг өдрийн дотор хамгийн олон хүн эмнэлгээс гарсан нь 5 дугаар сарын 20 байжээ. Тэр өдөр 5440 хүн эмчлэгдсэн байна.
Коронавирусээр халдварласны улмаас эмчилгээ хийлгэж, эдгэрсэн хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 8033-аар нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна гэж хотын даргын орлогч мэдэгдсэн байна.
ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын мэдээлснээр, мэргэжилтнүүд нийт 9.1 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ. Өнгөрсөн хоногт гэхэд 215 мянган хүнээс коронавирусний шинжилгээ авсан байна.
Үүнээс гадна коронавирусний халдварын сэжигтэй 292 мянган хүн эмчийн хяналтанд байгаа аж.