Малчид 5 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжтой

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжсэнээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 44.6 тэрбум төгрөг зарцуулна. 

-Ямар нөхцөлийг хангасан малчин өндөр насны тэтгэврээ 5 жилийн өмнө тогтоолгох вэ?

-55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй.

-Малчинд ямар даатгуулагчийг хамааруулах вэ?

-Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно.

-Малчнаар ажилласан хугацааг хэрхэн тогтоох вэ?

-Даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн дэвтэр; Хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр; Архивын лавлагаа; шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн;

- Даатгуулагчийн 1995 оноос хойш малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын төлсөн хугацааг Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-ын жил бүрийн бүртгэлийг үндэслэн тус тус тодорхойлно.

Эх сурвалж: НДЕГ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.207.11)