Конгресс дахь Ардчилсан намынхан Вашингтоныг шинэ муж улс болгохын төлөө саналаа өгчээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотыг 51 дэх шинэ муж улсаар тунхаглах тогтоолыг Конгрессын Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар баталлаа. Харин Сенатын танхим дахь Бүгд Найрамдахчууд болон Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрт хориг тавина гэдгээ хэдийнээ мэдэгдсэн билээ.

Дээрх санаачилгыг АНУ-ын Конгрессын 232 гишүүн дэмжсэн байна. Харин 180 нь эсрэг санал өгч, Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчуудын нэг нь ч Вашингтоны статусыг өөрчлөх хуулийн төслийг дэмжээгүй аж.

Төлөөлөгчдийн танхимд баасан гарагт явуулсан санал хураалтыг шинэ санаачилгыг гаргагчид өөрсдөө бэлгэ тэмдэг төдий гэж мэдэгджээ.

"Сенат дахь бүгд найрамдахчуудын эсэргүүцэл, Цагаан ордны эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг бид маш сайн мэдэж байна. Гэхдээ бид байр сууриа илэрхийлэх ёстой" гэж Конгресст нийслэл хотын тойргийг төлөөлөн суугаа Элеанор Холмс Нортон саналыг тоолсны дараа хэлсэн байна.

Вашингтон болон Колумбын тойргийн статусыг өөрчлөхийг хэдэн арван жилийн турш оролдож байгаа юм. Нийслэл хотын тойрогт бүртгэлтэй автомашины дугаарын тэмдэг дээр "Бид татвараа төлдөг, гэхдээ бидэнд өөрсдийн гэсэн төлөөлөгчийн газар байдаггүй" /Taxation without representation/ гэсэн уриа лоозон бичээстэй байдгийг энд дурдахад хангалттай.

Ардчилагчид юунд хүрэхийг оролдож байна вэ?

Колумбын тойрогт 700 мянган хүн оршин суудаг бөгөөд энэ нь Вермонт, Вайминг зэрэг муж улсуудын хүн амаас их юм. Гэсэн хэдий ч Үндсэн хуульд зааснаар нийслэлийн сонгогчид Конгресст өөрсдийн эрх ашгийг төлөөлүүлэх эрхгүй бөгөөд 1991 оноос хойш Капитолийн толгод дээр нийслэлчүүдийг төлөөлөн суугаа цорын ганц төлөөлөгч нь санал өгөх эрхгүй байна.

Түүгээр ч зогсохгүй Колумбын тойргийн удирдлагуудын баталсан аливаа хууль зүйн акт нь зөвхөн Конгрессоор батлагдсаны дараа хүчин төгөлдөр болдог аж.

“Бид бусад муж улсуудын адилаар татвараа төлдөг. Бид бусад бүх муж улсын оршин суугчидтай адил дайн тулаанд оролцож, амь үрэгддэг. Гэвч бид Конгресст дуу хоолойгоо хүргэж чаддагүй” гэж Вашингтоны хотын зөвлөлийн гишүүн Роберт Уайт NPR радиостанцад мэдэгджээ.

Хамгийн сүүлд АНУ-ын нийслэл хотын статусыг өөрчлөх санаачилгыг 1993 онд Төлөөлөгчдийн танхимд өргөн барьсан боловч тухайн үед бүгд найрамдахчууд хориг тавьсан байна.

Одоогийн хуулийн төслийн санаачлагч нь Вашингтоны төлөөлөгч Элеанор Нортон юм. Төлөөлөгчдийн танхим дахь 220 ардчилагч хамтран зохиогч болжээ. "H.R.51" гэж нэрлэсэн хуулийн уг төсөлд Колумбын тойргийг АНУ-ын 51 дэх муж улс хэмээн хүлээн зөвшөөрөөд зогсохгүй АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон болон хар арьстнуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч, боол асан Фредерик Дугласын дурсгалыг хүндэтгэн "Вашингтоны хамтын нөхөрлөл, Дуглас" гэж нэрлэх талаар тусгажээ.

Энэхүү санаачилга Бүгд Найрамдах намынхан болон Трампт яагаад таалагдахгүй байгаа вэ?

АНУ-ын Конгрессын Сенатын танхимыг хянадаг бүгд найрамдахчууд шинэ хуулийн төсөлд хориг тавина гэдгээ нуухгүй байгаа юм. Дээд танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Мич Макконнелл бүр өнгөрсөн онд телевизэд ярилцлага өгөхдөө, Вашингтоны статусыг өөрчлөх санаачилгыг Конгресс дахь социалист марш гэж үзэж байна хэмээн мэдэгджээ. “Би Сенат дахь олонхын удирдагч байгаа цагт ийм зүйл хэзээ ч болохгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

АНУ-ын нийслэл хотын статусыг өөрчлөх нь Капитолийн толгод дахь бүгд найрамдахчуудын байр суурьт аюул учруулж болзошгүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сард “New York Post” сонинд ярилцлага өгөхдөө илүү илэн далангүй мэдэгджээ. "Би яагаад эсэргүүцэж байгаа юм бэ? гэж үү? Бид дахиад хоёр Ардчилсан сенатч, Ардчилсан таван конгрессын гишүүнтэй болох уу? Үгүй ээ, баярлалаа. Ийм зүйл хэзээ ч болохгүй" гэж тэрбээр хэлсэн байна.

Бүгд найрамдахчууд энэ санаачилгыг тууштай эсэргүүцэж иржээ. Үүний гол шалтгаан нь Төлөөлөгчдийн танхимд санал өгөх эрхтэй дахин нэг ардчилсан хууль тогтоогчтой болох юм. Тэр нь Элеонор Нортон болох ёстой аж. Үүнээс гадна, шинэ муж улс Дээд танхимд хоёр сенатч сонгох эрхийг авах юм.

Вашингтончууд Ардчилсан намыг сонгоно гэдэгт эргэлзэх хүн цөөн байна. Хүн амын тооллогоос үзвэл оршин суугчдынх нь 46 хувийг африк гаралтай америкчууд эзэлдэг энэ хот олон жилийн турш ардчилсан хотын дарга нарт саналаа өгч байжээ.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Вашингтон хотын оршин суугчдын 91 хувь нь Хиллари Клинтоны төлөө саналаа өгсөн бол ердөө 4 хувь нь Дональ Трампт өгсөн байна.

Одоо Сенатын танхимд Бүгд Найрамдах нам 53 суудалтай бол Ардчилсан нам 47 суудлыг эзэлдэг байна. Хэрэв энэ харьцаа багахан хувиар өөрчлөгдвөл бүгд найрамдахчуудад бодлогоо хэрэгжүүлэх нь илүү хэцүү байх болно.

Яагаад хуулийн төслийг яг одоо оруулж байгаа вэ?

Колумбын тойрог онцгой статусынхаа улмаас коронавирусний цар тахлын үед Холбооны улсын тусламжийг бүрэн хэмжээгээр авч чадаагүй байна. Хэрэв АНУ-ын Засгийн газраас 50 муж улс бүрт тахал өвчинтэй тэмцэхэд 1.2 тэрбум доллар хуваарилсан бол нийслэл хотын удирдлагуудад ердөө 500 сая доллар шилжүүлжээ.

Түүнчлэн африк гаралтай америк Жорж Флойд цагдаа нарт баривчлагдах үедээ амиа алдсаны дараа АНУ-д өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр Ерөнхийлөгч Трампын гаргасан шийдвэр хотын эрх баригчдын дургүйцлыг төрүүлсэн байна.

Вашингтон хотын даргын эсэргүүцлийг үл харгалзан тус хотод 10 муж улсын Үндэсний гвардын цэргүүд, мөн Холбооны улсын хорих ангиудын товчооны тусгай хүчний цэргүүд болон армийн нэмэлт анги нэгтгэлийг байрлуулжээ. 

Хэрэв дээрх хуулийн төслийг Сенатын танхим баталж, төрийн тэргүүнд гарын үсэг зуруулахаар өргөн барьсан тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавих эрхээ ашиглахад бэлэн байна гэж Цагаан ордон өнгөрсөн лхагва гарагт албан ёсоор мэдэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.90)