Японы эрх баригч нам Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцжээ
Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг тойрсон нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцлээ гэж “NHK” телевиз мэдээлжээ.
Тус нам холбогдох тогтоолыг боловсруулж, Засгийн газартаа танилцуулахаар төлөвлөж байна. Уг баримт бичигт коронавирусний улмаас хойшлуулсан Хятадын удирдагчийн Японд хийх айлчлалыг цуцлахыг уриалах аж. Түүнчлэн хууль батлагдсаны дараа Хонконгт баривчлагдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан түгшиж буйгаа Либерал-Ардчилсан намынхан илэрхийлжээ. Үүнээс гадна, Хонконгт оршин суудаг Японы иргэдийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ боловсруулахыг шаардсан байна.
Японы Засгийн газар өмнө нь Хятадын удирдагчийн айлчлалд маш идэвхтэй бэлдэж байсан юм. Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн хэлснээр, энэхүү айлчлал нь хоёр орны харилцаанд "шинэ бүлэг" нээх ёстой байв. Ши Жинпинь дөрөвдүгээр сард Японд айлчлахаар төлөвлөж байсан боловч Хятадад шинэ коронавирусний цар тахал дэгдсэний улмаас хойшлуулсан билээ. БНХАУ-ын даргын айлчлалын шинэ хугацааг товлох талаар ярилцахад хараахан эрт байна гэж Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги зургадугаар сард мэдэгдсэн байна.
БНХАУ-ын парламент буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг зургадугаар сарын 30-нд баталсан билээ. Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчнүүдтэй хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэсэн байна. Түүнчлэн ноцтой зөрчил гаргасан этгээдийг бүх насаар нь хорих, БНХАУ-ын аюулгүй байдлын байгууллагыг Хонконгт байгуулах тухай заажээ.
Шинэ хууль батлагдсантай холбоотойгоор дэлхийн хэд хэдэн улсын эрх баригчид Бээжинг шүүмжилсэн бөгөөд тэд уг хууль нь “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Харин БНХАУ-ын эрх баригчид дотоод хэрэгт нь оролцохгүй байхыг уриалсан байна.