Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал Истанбулд эхэлнэ

Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөхөд оролцсон хэмээн буруутгагдаад байгаа 20 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал баасан гарагт Туркийн Истанбул хотод болох бөгөөд шүүх хурлыг эчнээ зохион байгуулна.

Истабулын Прокурорын газар гуравдугаар сарын сүүлчээр 2018 оны 10 дугаар сард Хашоггийг хөнөөхөд оролцсон хэргээр Саудын Арабын 20 иргэнд эчнээ ял тодорхойлжээ. Үүнээс 18 хүнийг гэмт хэргийг гүйцэтгэсэн гэж буруутган тэдэнд бүх насаар нь хорих ял оноохыг шаардаж байгаа юм. Үлдсэн хоёр хүнийг гэмт хэргийг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа бөгөөд эдгээр нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн зөвлөхүүд болох Сауд аль-Кахтани, тус улсын Тагнуулын газрын орлогч дарга асан Ахмед Асири нар аж. Тэдний хувьд “хүний амь насыг онц хэрцгий, санаатай хөнөөсөн, гэмт хэргийг  зохион байгуулсан” гэсэн зүйл заалтаар хорих хүсэлт гаргажээ. Ерөнхий прокурор Ирфан Фиданы гарын үсэг бүхий хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Туркийн хэвлэлүүдэд мэдээлснээр, тус улсын Ерөнхий прокурор уг хэргийн хүрээнд 117 хуудас бүхий яллах дүгнэлт гаргажээ.

Хашоггийн сүйт бүсгүй Хатиже Женгизийн Истанбулын Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан гомдлын дагуу анхан шатны шүүх хурал Жаглаян мужийн Шүүх танхимд болно. Хэрэгтнүүд шүүхээс нуугдсан учир хурлыг эчнээ зохион байгуулна.

Хашоггийн сүйт бүсгүй өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцохоор төлөвлөсөн байна. “Бид шүүх үйл явцыг маш анхааралтай ажиглана. Шударга ёс эрт орой хэзээ нэгэн цагт ялна. Бид эрэл хайгуулаа зогсоохгүй” гэж Женгиз цохон хэлжээ. 

Эцгийг нь хөнөөсөн хүмүүсийг сэтгүүлчийн гэр бүл уучилсан болохыг Хашоггийн анхны эхнэрийн хүү Салах тавдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн билээ.

АНУ-ын “Washington Post” сонины сэтгүүлч байсан Жамаль Хашогги 2018 оны 10 дугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар луу орсныхоо дараа амиа алдсан юм. Саудын Арабын эрх баригчид Хашоггийг Консулын газарт амиа алдсаныг эхэндээ няцааж байсан боловч хэсэг хугацааны дараа дүрс бичлэг, дуу бичлэг нийтлэгдсэний дараа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч, Хашогги Консулын газрын ажилтнуудтай маргалдсаны улмаас амиа алдсан гэж мэдэгдсэн билээ. Туркийн цагдаа нар түүний цогцсыг олж чадаагүй юм.

Хашоггийн амийг хөнөөсөн хэргээр таван хүнд цаазаар авах, өөр гурван хүнд гэмт хэргийг нуун дарагдуулахад оролцсон хэргээр  24 жилийн хорих ял оноосон талаараа Саудын Арабын Прокурорын газар өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.23.38)