Дэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ

Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө өдөр ирэх тусам 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж байхад дэлхийн хүн амын хамгийн ядуу хэсгийн хөрөнгийн хэмжээ буурсаар байна. Энэ тухай “Oxfam” байгууллагаас даваа гарагт гаргасан тайланд мэдээлэв.

Дэлхийн тэрбумтнуудын тоо одоогийн байдлаар хамгийн олон буюу 2208 хүрч, тэдний хөрөнгийн хэмжээ урьд өмнө байгаагүй хамгийн их хэмжээнд хүрсэн байна. 10 жилийн өмнөх дэлхийн санхүүгийн хямралаас хойш тэрбумтнуудын тоо ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ.

Швейцарын Давос хотноо зохион байгуулдаг, дэлхийн хамгийн нэр нөлөөтэй, баян чинээлэг хүмүүс нэгэн дор цугладаг Дэлхийн эдийн засгийн жил тутмын чуулга чуулга уулзалтыг угтан дээрх тайланг гаргажээ. 106 хуудас бүхий тайланд баян ядуугийн ялгаа өсөн нэмэгдсээр буйд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

Өнгөрсөн оны тооцоогоор, дэлхийн хамгийн баян 26 хүний хөрөнгийн хэмжээ дэлхийн хамгийн ядуу 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэх хэмжээнд хүрчээ.

“Forbes” сэтгүүлээс гаргадаг жагсаалтаас үзэхэд, хамгийн баян хүмүүсийн дийлэнх нь Америкийн иргэд байгаа аж. Үүнд тэмдэглэснээр, “Amazon” компанийн захирал Жефф Безос, “Microsoft” компанийн захирал Билл Гейтс, “Berkshire Hathaway” компанийн захирал Уоррен Буффет, “Facebook” компанийн захирал Марк Зукерберг нарын хөрөнгө 357 тэрбум ам.доллартай тэнцэх ажээ.

Улс орнуудын татварын орлогыг шударга түвшинд хүргэж, хувь хүний орлогын түвшин болон корпорацийн татварыг өсгөж, компаниуд болон хэт баян хүмүүсийг татвараас зайлсхийх явдлыг үндсээр нь устгахыг дээрх тайланд уриалсан байна. Мөн дэлхий даяар эмнэлгийн тусламж, боловсрол болон олон нийтийн бусад үйлчилгээг үнэ төлбөргүй болгох нь чухал хэмээн онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ ус, цахилгаан, хүүхдийн асрамж зэрэг нийгмийн үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийхийг “Oxfam” байгууллагын тайланд санал болгосон байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.31.27)