Ой тогтоолтоо САЙЖРУУЛАХАД тань туслах аргууд

АНУ-ын ой тогтоолтын 4 удаагийн аварга Nelson Dellis болон сэтгэл судлаач Julia Shaw нар ой тогтоолтоо хэрхэн сайжруулах талаар зөвлөж байна.

Маш олон хүмүүс ой тогтоолт муутай талаараа гомдолдог. Худалдаж авах зүйлсийн жагсаалт, найзуудын төрсөн өдөр, шалгалт дээрх тоон баримтууд гээд тархинд үлддэггүй зүйлүүд олон. Гэхдээ ой санамж гэдэг таны төсөөлж байгаа шиг өөрчлөхөд хэцүү зүйл биш юм. Зөв арга техникээр ажиллавал юуг ч санаж чаддаг болох боломжтой.

Nelson Dellis бол АНУ-ын ой тогтоолтын дөрвөн удаагийн аварга, ой тогтоолтын дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг тамирчин юм. Тэрээр пи тооны 10,000 ширхэг бутархай цифр, 9 хайрцаг хөзрийн дараалал, хэдэн зуун хүний нэрийг ганц удаа сонсоод цээжилж чаддаг. Хэнбугай ч багахан хэмжээний хичээл зүтгэлээр ой санамжаа сайжруулж болох аж. Ингээд дараах 5 алхмыг хэрэгжүүлээд тархиа мэдээ, мэдээллээр дүүргээрэй. 

1. ХҮЧТЭЙ ТӨСӨӨЛЛӨӨР ЭХЛҮҮЛ

Дэлхийн 7 гайхамшгийг цээжлэх энгийн даалгавраар жишээ авъя. Эхлээд тэдгээрийг амархан санахуйц дүр төрх болгон хувиргах хэрэгтэй. Жишээлбэл Хятадын цагаан хэрмийг зүгээр л хана гэж төсөөлж болох бол Chichen Itza-г чикен болон пиццагаар төсөөлж болох юм. Ингэхдээ мэдэрч, үнэрлэж, харж чадахуйц төсөөллийг бий болгохыг зориорой.

Төсөөлөл хачин, ой санаанд багтамгүй байх тусмаа тухайн төсөөлөлтэй холбоотой сэтгэл хөдлөлүүд бидэнд илүү тод үлддэг. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийг боловсруулахад чухал нөлөө үзүүлдэг тархины нэгэн хэсэг болох амигдала нь дурсамж хадгалахад тархины бусад хэсэгт түлхэц үзүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Хүчтэй сэтгэл хөдлөлүүд ой санамжид удаан хадгалагддагийн шалтгаан нь энэ юм.

2. ТӨСӨӨЛЛӨӨ БАЙРЛАЛД ОРУУЛ

Үүний дараа өөртөө бий болгосон эдгээр хүчтэй төсөөллүүдээ өөрийн сайн мэдэх нөхцөл байдалд байрлуулаарай. Ой тогтоолтын аварга Dellis-ийн хувьд дэлхийн 7 гайхамшгийг гэртээ нэг нэгээр нь байрлуулсан байна. Ханыг үүдний өрөөндөө, Христийг буйдан дээрээ тухлан сууж байгаагаар гэхмэтчилэн. Эдгээр төсөөллүүд хачин байх тусмаа үр дүнтэй байх аж. 

Төсөөллөө байрлалд оруулах энэхүү аргыг “дурсамжийн өргөө” гэж нэрлэдэг. Энэхүү арга нь аливаа зүйлийг дарааллыг тогтооход үр дүнгээ сайн үзүүлдэг байна. Dellis 10,000 ширхэг цифр цээжлэх үедээ дурсамжийн өргөөгөө өөрийн төрөлх Миами хотын хэмжээгээр томруулж бодсон гэдэг. Өөрөөр хэлбэл 10,000 ширхэг цифрийг 5 оронтой 2,000 ширхэг тоо болгон хувиргаж, түүнийгээ 10 өөр хотод байрлуулжээ.

Хүмүүс энэхүү аргыг ашиглан аливаа зүйлийг цээжлэхэд тархины окипито /occipito/ болон париетал /parietal/ хэсгийн идэвхжил нэмэгддэг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Окипито нь дүрс, зурган мэдээллийг боловсруулах үүргийг гүйцэтгэдэг бол париетал нь зүг чигээ олох үүргийг гүйцэтгэдэг байна. 

3. АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛ

Дэлхийн 7 гайхамшгийг санахын тулд 7 өөр, хачин жигтэй төсөөллийг бий болгох тийм ч төвөгтэй зүйл биш байх. Гэхдээ 10,000 ширхэг цифрийг цээжлэхийн тулд тодорхой хэмжээний хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Dellis энэхүү хэцүү даалгаврыг биелүүлэхийн өмнө “Би үүнийг цээжилмээр байна, би үүнийг цээжилмээр байна” хэмээн өөртөө хэлдэг ба үүнийгээ “Энэ бол их энгийн тарни, гэхдээ өгөгдсөн даалгаварт анхаарлаа хандуулж, төвлөрөхөд маш ихээр тусалдаг” гэж тайлбарласан байдаг.

4. ОЛОН ХЭСЭГТ ХУВАА

Маш олон цифр, урт дараалал бүхий хөзрийг цээжлэхийн тулд тэдгээрийг олон хэсэгт хуваах хэрэгтэй. Жишээлбэл Dellis таван оронтой тоог цээжлэхийн тулд түүнийгээ амархан санаж чадахуйц дүрс болгон хувиргадаг. Тэрээр хэлэхдээ: 

- “Үгийг цээжлэхэд их амархан. Үгийг харах, сонсох даруйд л тархинд чинь ямар нэгэн төрлийн төсөөлөл бий болж байдаг. Харин тоо, хөзөр, зарим нэр томьёог цээжлэхэд жаахан төвөгтэй. Бидний бий болгосон системийн дагуу бид ямар нэгэн нэр, тоо, хөзөр бүрд урьдчилан бодсон төсөөлөл байдаг. Жишээлбэл пи тооны эхний 10 бутархайг цээжлэхдээ эхний таван оронд Sam Neill Төмөр хүний дуулгыг өмссөн байгаагаар төсөөлсөн бол дараагийн таван оронг Гладиаторын дайчны хувцас өмссөн найзыгаа эрхий хуруугаа доош нь харуулж байгаагаар төсөөлсөн”

5. ДАВТААД ДУУСГА

Таны төсөөлөл нэгэнт ангилагдаж, төсөөллийн газрууд чинь бий болсон бол одоо тэр бүхэн тархинд тань үлдэж чадах эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Ихэнх дурсамжууд урт хугацааны ой санамжид маань үлддэггүй шүү дээ. Тиймээс мэдээллийг богино хугацааны ой санамжаас урт хугацааны ой санамж болгон хувиргахын тулд давтах нь чухал. Харамсалтай нь үүнд ямар нэгэн амархан арга гэж байхгүй. Dellis эцэст нь, “Ой тогтоолтын аварга болохын тулд би үүнийг өдөр бүр хийдэг байсан. Зуршил болтол нь шаргуу хөдөлмөрлөсөн. Энэ нь зөвхөн давталт, оролдлогоор л бий болдог зүйл” хэмээсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.154.132)