Chris Evans болон Ryan Gosling нар “The Gray Man” кинонд тоглоно
“Bird Box” (2018), “The Marriage Story” (2019), “Extraction” (2020) зэрэг Netflix компанийн захиалгаар бүтсэн уран бүтээлүүд кино сонирхогчдыг байлдан дагуулсан тохиолдлууд цөөнгүй бий. Тэгвэл энэ удаад тус компани жүжигчин Chris Evans болон Ryan Gosling нарын хамтран тоглох “The Gray Man” киноны зураг авалтыг эхлүүлэх гэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
"The Gray Man" киног бүтээхэд 200 гаруй сая ам.доллар /монгол мөнгөөр 560 гаруй тэрбум төгрөг/ төсөвлөөд байгаа юм. Ингэснээр энэхүү уран бүтээл нь Netflix компаниас хамгийн өндөр зардлаар бүтэж буй кино болж байгаа аж. Мэдээж багагүй их хэмжээний зардлаар бүтэж байгаа ч энэхүү алхам нь Netflix компанийн хувьд зөв ч байж мэднэ. Учир нь тус компаниас хийгдсэн кинонууд дундаас үзэгчдэд хамгийн ихээр хүрч чадсан бүтээл нь мөн л "Marvel"-ийн супер баатар Thor-ийн дүрээр олноо танигдсан Chris Hemsworth-ийн голд дүрд нь тоглосон “Extraction” байсан билээ.
Залуусын дунд хүлээлт үүсгээд буй энэхүү киноны найруулагчаар нь “Captain America: The Winter Soldier” (2014), “Avengers: Endgame” (2019) зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байсан туршлагатай найруулагчид болох Joe болон Anthony Russo нар ажиллахаар болжээ.
Харин үйл явдлын тухайд зохиолч Mark Greaney-гийн “The Gray Man” романы үйл явдлаас сэдэвлэсэн ба Тагнуулын ерөнхий газрын ажилтан Lloyd Hansen /жүжигчин Chris Evans/ болон түүний хамтрагч байсан ч хөлсний алуурчин болон урвасан Court Gentry /жүжигчин Ryan Gosling/ нарын адал явдлыг өгүүлэх юм.
Найруулагч Joe Russo-гийн хэлж буйгаар "The Gray Man" нь өөрийн гэсэн франчайзыг үүсгэх боломжтой аж. Харин Anthony Russo хэлэхдээ:
- "Чадварлаг жүжигчид маань энэхүү уран бүтээлд Тагнуулын ерөнхий газрын ажилчдын хоёр өөр ертөнцийг харуулах болно. Өөрөөр хэлбэл тэд юу хийж чаддаг болон юу хийж чадах талаар харуулна гэсэн үг. "Captain America: Winter Soldier" киног таалан үзсэн хүмүүст хандаж хэлэхэд энэ бол бидний бодит байдал руу шилжиж буй явдал. Энэ бидний хувьд тийм л утга учиртай зүйл" хэмээжээ.
Киноны зураг авалт 2021 оны нэгдүгээр сард эхлэхээр төлөвлөгдөж байгаа ч чухам хэзээ олны хүртээл болох нь хараахан тодорхойгүй байгаа юм. Юутай ч кино сонирхогчдын тэсэн ядан хүлээх бүтээл ийнхүү нэгээр нэмэгдлээ!