Цэвэршүүлэх байгууламж, цэвдэг судлалын талбайн газрыг тусгай хэрэгцээнд авна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар доорх асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- Нийслэлийн төсвийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн танилцуулга,
- Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц зураг төсөл боловсруулах уралдааны дүн,
- Зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай хэлэлцэв.
Хуралдааны эхэнд нийслэлийн төсвийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Солонго хүргэлээ. Дараа нь “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх концепц зураг төсөл боловсруулах уралдааны дүнг нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулав.
Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” төв барилгыг шинэчлэх зураг төсөл боловсруулах уралдаан нийт 55 мянга 823 иргэн санал өгч, уралдааныг дүгнэх комисс удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэснийг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх боллоо.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Ус хангамжийн баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар болон Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн шинжилгээний ажиглалтын талбайн газрын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав.
Зөвлөлийн гишүүд энэ талаар хэлэлцэж, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр болов. Мөн Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн газар доорх гүний худгууд болон дэвшилтэт технологи бүхий гүний ус цэвэршүүлэх байгууламжийн газар, Тэрэлж-цэвдэг судлалын харуулын шинжилгээний ажиглалтын талбай, ХАА-н цаг уурын бэлчээрийн төлөв байдлын явуулын судалгаа шинжилгээний ажиглалтын талбай бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар мөн НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов.