"Ард Санхүүгийн нэгдэл" 777.1 саяын ашигтай ажиллажээ

 

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн санхүү үйл ажиллагааны тайлангаа  хуваарийн дагуу ээлжлэн олон нийтэд танилцуулж эхэллээ.

Тухайлбал, "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн өчигдөр хийсэн тайлангаар тус компанийн хөрөнгө оруулалтын орлого өссөнөөр энэ оны эхний хагаст 777.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг компанийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Э.Амарбаясгалан мэдээлэв.

Тус ХК өмнөх оны II улиралд 1.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байжээ. Тайлант хугацаанд дараах голлох үр дүнд хүрсэн байна. Үүнд: 

  • Нийт хөрөнгийн хэмжээ 73.3 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 сая төгрөгөөр буюу 1 хувиар өсжээ. 
  • "Ард Апп"-ыг хөгжүүлэн 3 хувилбарыг гаргаснаар илүү олон шинэлэг үйлчилгээг харилцагчдадаа санал болгожээ.
  • "Хөрөнгө оруулагч үндэстэн Европт", "Хувьцаатай хүүхэд- Ирээдүйн эзэд" зэрэг аяныг амжилттай өрнүүлж байна.

Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах "Ард Менежмент" ХХК-ийн хүсэлтийг СЗХ-оос зөвшөөрсний дагуу энэ оны хоёрдугаар хагаст "Үндэсний Хувьчлалын сан"-г үүсгэн байгуулж, олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Дээрх сан үүсгэн байгуулсанаар Монголд олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх анхны хөрөнгө оруулалтын сан болох юм. “Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.246.53)