Мөнгө ҮРЭХГҮЙГЭЭР найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх аргууд

Зун бол найзуудтайгаа уулзах, гадуур зугаалах, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой улирал. Гэтэл өдөр болгоныг хөгжилтэй өнгөрүүлэхэд санхүүгийн бэрхшээл тулгарч байна уу? Тэгвэл www.news24.mn сайтын хамт олон найзуудтайгаа мөнгө үрэлгүйгээр хөгжилдөх аргуудыг хуваалцаж байна.

ҮНЭГҮЙ АРГА ХЭМЖЭЭНД ЗОЧЛОХ

Ойрын үед нэг өдрийн үнэ төлбөргүй сургалт, арга хэмжээнүүд ихээр зохион байгуулагдах болсон билээ. Тиймээс тэдгээрээс аль хөгжилтэй, сонирхолтойруу нь найзуудынхаа хамт очоорой. Энэ төрлийн арга хэмжээнүүд ихэвчлэн үр өгөөжтэй, мэдлэг боловсролд зориулагдсан байдаг тул найзуудтайгаа ч хөгжилдөж, оюундаа ч хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Мөн маргааш “The Danish Girl” киноны үнэгүй үзвэр гарах тул найзуудтайгаа хамт зочлоорой.

Хаана: Bamboo Express
Хэдэн цагт: 14:00-17:00

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

ТОГЛООМ ТОГЛОХ

Бид бага байхаасаа эхлэн “Үнэнээ хэл эсвэл Шийтгүүл”, “Үг дамжуулах”, “Хулгайч Цагдаа”, “Мафия”, “Муур Хулгана” зэрэг олон сонирхолтой тоглоомууд тоглож өссөн. Эдгээр тоглоомыг тоглоход ямар ч зардалгүй хэрнээ их сонирхолтой байдаг байсан шүү дээ. Тиймээс олуулаа цугласан үедээ бага насаа дурсан шийтгэлтэй тоглоомууд тоглоод үзээрэй.

УУЛАНД ГАРАХ

Найзуудтайгаа хамт өглөө эртлэн босоод ууланд гараарай. Ууланд явган аялал хийх нь бие махбод болон сэтгэл санаанд маш эерэг нөлөөг үзүүлдэг. Тиймээс өмнөх өдөр нь хөнгөн зууш, амтат хоол, цай зэргийг бэлдээд нэг өдрийг дурсамжтайгаар өнгөрүүлээрэй. Өглөөний 06:00-08:00 цагийн хооронд цаг агаар сайхан байдаг тул аль болох эртлэн босоорой.

КАРАОКЕ

Мөнгө үрэхгүйгээр яаж караокэдэх юм бэ гэж гайхаж магадгүй. Гэртээ эсвэл машин дотроо YouTube хуудас дээр хамгийн дуртай дуугаа хамгийн чанга дээр нь тавьж байгаад дуулж хөгжилдөөрэй. Энгийн сонсогдож магадгүй ч их сонирхолтой шүү. 

ЗУРАГ ДАРУУЛАХ

Нэг өдөр хамгийн гоё дээрээ тавьж байгаад найзуудтайгаа уулзаарай. Тэгээд зураг авахуулахад гоё байх гэж бодсон газартаа очоод хамтдаа зургаа даруулаарай. Мөн заавал гоё гэлтгүй хөгжилтэй царай, тэнэг үйлдлүүд хийгээд ч зургаа даруулж болно. Дараа нь харахад дурсамжтай байх тул энэхүү аргыг заавал туршиж үзээрэй.

ДЭЛГҮҮР ХЭСЭХ

Мөнгө үрэлгүйгээр дэлгүүр хэсэж болдог. Найзуудтайгаа цуглаад нэг өдрийг зүгээр л дэлгүүр хэсэж өнгөрөөгөөрэй. Худалдан авалт хийхгүй ч сонирхсон бүтээгдэхүүнээ туршиж, өөрт таалагдсан хувцсаа өмсөж болно. Үүнийхээ хажуугаар авахыг хүссэн зүйлийнхээ жагсаалтыг ч гаргах боломжтой.

МУЗЕЙГЭЭР ЗОЧЛОХ

Жил бүр “Музейн нээлттэй өдрүүд” буюу бүх музейг үнэгүй үзэх боломжтой өдрүүд зохион байгуулагддаг. Тэр өдрүүдээр найзуудтайгаа хамт түүхэн дурсгалт, алдартай музейгээр зочлоод үзээрэй. Бодож байгаагаас чинь ч илүү сонирхолтой байх болно. Музейн тасалбар киноны тасалбараас хэд дахин хямд үнэтэй байдаг учир заавал үнэгүй үзэх өдрийг хүлээлгүйгээр очсон ч болно.

НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Нэг номыг сонгоод найзуудтайгаа хамт долоо хоногийн дотор уншаарай. Харин дараа нь тухайн номынхоо талаар хоорондоо ярилцаарай. Мэдээж олуулаа уншиж байгаа учраас тухайн номыг олон өөр өнцгөөс харж, анзааралгүй орхисон жижиг хэсгийг хүртэл ярилцах боломжтой.

СУРАЛЦАХ

Өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ бусдадаа зааж өгөөрэй. Хэрэв нэг найз чинь кофег маш сайхан чанадаг бол ингэж чанадаг арга барилаас нь суралцаж болох юм. Чаддаг зүйлээ бусдад зааж өгч, хуваалцана гэдэг сайхан зүйл шүү.

КИНО ҮДЭШ

Найзуудтайгаа уулзах үед аль эсвэл болзоонд явах үед хамгийн түрүүнд гарч ирдэг санаануудын нэг бол кино үзэх байдаг. Гэхдээ заавал кино театрт очиж мөнгө үрэх шаардлагагүй. Гэртээ яг л кино театрт байгаа мэт харанхуй орчин бүрдүүлж байгаад зурагт, компьютер, гар утсан дээрээ хүссэн киногоо тавиад үзэх боломжтой юм. Ялангуяа аймшгийн киног найзуудтайгаа үзэх хөгжилтэй байдаг.

ИРЭЭДҮЙН ӨӨРТӨӨ ЗАХИА БИЧИХ

Хамтдаа цуглаж байгаад тав эсвэл арван жилийн дараах өөрсдөдөө зориулан захидал бичээд хайрцагт хийн хадгалаарай. Тэгээд арван жилийн дараа дахин хамтдаа уулзаж байгаад захидлаа уншаарай. Цагийг хөгжилтэй гэхээсээ илүү дурсамжтайгаар өнгөрөөх болно шүү.

ДАСГАЛ, ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Найзуудтайгаа хамт дасгал, хөдөлгөөн хийж өдрийг өнгөрүүлээрэй. Магадгүй үүнийгээ зуршил болгоод өдөр бүр хамтдаа дасгал хийвэл сарын дараа гэхэд биед эрс өөрчлөлт орсон байх болно. Уулзахаараа зүгээр сууж юм ярих биш цаг хугацааг өөрсдөдөө хэрэгтэй байдлаар ашиглаж, уулзаж хэвшээрэй.

ОРИГАМИ ХИЙХ

Цаасан урлал буюу оригами хийж үзээрэй. Та нарт зөвхөн цаас, хайч байхад л хангалттай. Youtube хуудаснаас “How to make an easy origami” гээд хайхад л хийх заавар нь гараад ирнэ. Мөн мянган ширхэг цаасан шувуу бүтээвэл хүсэл биелдэг гэдэг шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.205.182)