Замын-Үүд, Эрээний чиглэлд автобус, галт тэрэг нэмж гаргажээ

Сар шинийн баяр дөхөж, хот хоорондын хөдөлгөөн ихэсч буйгаас Замын-Үүд-Эрээний чиглэлд үйлчлэх автобус болон 44-р галт тэргийг нэмж гаргасан талаар энэ сарын 14-нд Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаан дээр мэдээлсэн билээ. 

Шуурхай хуралдаанд агаарын тээвэр, авто зам, төмөр замын салбарт хийж буй зарим ажил, төлөвлөгөөг мөн танилцууллаа. ИНЕГ-аас олон жил ярьж буй Турк улстай хийх агаарын харилцааны хэлэлцээрийг өөрчлөх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ГХЯ-тай хэлэлцэн нэгдсэн шийдвэрт хүрч чадвал хэлэлцээрийг дахин хийх боломжтойг онцолсон юм. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт олон улсын нислэг 9 хувиар, орон нутгийнх 10 орчим хувиар өссөнийг дуулгаж байв.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн мэдээлж буйгаар, төмөр замаар 526.0 тонн ачаа, 53 мянга орчим зорчигч тээвэрлэжээ. БНХАУ-ын талаас угаасан нүүрс авах болсонтой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт чингэлгийн галт тэрэгний солилцоо буурсан байна.

Эрээн, Замын-Үүд чиглэлд автобус нэмж гаргасантай холбоотойгоор хот хоорондын зорчигч тээвэр эрхэлж буй ААН-үүдэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, аваар ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, хяналтыг сайжруулж байгааг  АТҮТ-ын дарга П.Дэлгэрнаран мэдэгдлээ. Мөн Налайхын нүүрс тээвэрлэлтэд хяналт тавьж, шалгалт хийхээр болсныг мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.113.135)