Зарим аймаг, сумд руу бага оврын онгоцоор нислэг үйлдэж байна
ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ИНЕГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, боловсруулсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Тухайлбал “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зарим аймгууд руу бага оврын онгоц нисгэхээр тусгасны дагуу өнгөрөгч 2019 онд Сэлэнгэ аймаг, 2020 оны эхний хагас жилд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу техникийн нислэгийг гүйцэтгэсэн бол Засгийн газрын 2019 оны 283 дугаар тогтоолд заасны дагуу зарим чиглэлийн хуваарьт нислэгийг сэргээж, эхний ээлжинд Сүхбаатар аймгийн Баруун-Урт руу техникийн нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаад буйг мэдээллээ.
Зарим аймаг руу хийх хуваарьт нислэгийн үйлчилгээг сэргээн тогтворжуулснаар иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж, төрөөс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгч эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд цаашид Хэнтий аймгийн Дадал, Галшар, Биндэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Халхгол зэрэг сумдад бага оврын онгоц хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна. Эдгээр чиглэлд бага оврын онгоц нисгэснээр онцгой байдал, эрүүл мэндийн түргэн тусламж, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж ЗТХЯ-наас мэдээллээ.