Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно
2021 оны сүүлчээр сансрын хоёр жуулчныг Олон улсын сансрын станц /ОУСС/ руу илгээх бөгөөд жуулчдын нэрс ирэх оны эхээр тодорхой болно гэж ОХУ-ын “Роскосмос” төрийн өмчит корпорацийн хэвлэлийн алба мэдээллээ.
Уг нислэгийг сансрын аялал жуулчлалаар дагнадаг Америкийн “Space Adventures” компанитай 2019 оны 2 дугаар сард байгуулсан гэрээний дагуу үйлдэх юм. Түүнээс гадна, жуулчдыг ОУСС руу илгээх асуудлаар “Роскосмос” корпораци Америкийн хэд хэдэн компанитай хэлэлцээ хийж байгаа ажээ. Үүний зэрэгцээ "Союз МС" сансрын жолоодлогот хөлөг ба "Союз-2" тээгч пуужинг угсрах ажил эхэлсэн байна.
Оросын тал ба "Space Adventures" компани анхны сансрын жуулчин болох Денис Тито-г 2001 онд тойрог замд илгээж байсан билээ. Хоёр талын байгуулсан гэрээний дагуу өнөөдрийн байдлаар нийтдээ 7 жуулчин /нэг хүн 2 удаа ниссэн/ сансрын уудамд аялаад иржээ. Хамгийн сүүлчийн жуулчин 2009 оны 9 дүгээр сард сансарт ниссэн аж. Харин 2015 онд гэрээний дагуу дуучин Сара Брайтман сансарт нисэх ёстой байсан боловч тэрбээр гэр бүлийн шалтгаанаар нислэгийн өмнөх бэлтгэлээ гэнэт зогсоож, нисэхээс татгалзсан байна.