Гадаад хэл сурахад тань ТУСЛАХ зөвлөмжүүд
Гадаад хэл сурна гэдэг амаргүй ч доорх алхмуудыг дагаснаар ямар ч хэлийг хурдан бөгөөд хялбар сурах боломжтой. Гэхдээ таны хичээл зүтгэл, оролдлогогүйгээр хэл сурах шидэт зам байхгүй гэдгийг санаарай.
НЭГДҮГЭЭРТ: ҮНДЭС СУУРИАС НЬ ЭХЭЛ
1. ӨӨРИЙН СУРАХ АРГА БАРИЛАА ОЛ
Энэ бол хэл сурч эхэлж буй хүмүүсийн хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйлсийн нэг. Хүн бүр аливааг сурах өөр өөрийн гэсэн онцгой арга барилтай байдаг.
Өөрөөр хэлбэл та өөрийгөө харааны ой тогтоолт сайтай, сонсголын ой тогтоолт сайтай эсвэл үйл хөдлөлөөр аливааг сурдаг эсэхээ тодорхойлох хэрэгтэй. Ингэхийн тулд анхлан сурч буй хэлнийхээ шинэ үгийг сонгож түүнийгээ хэд хэдэн удаа давтан уншиж цээжлэх гээд үзээрэй. Хэрвээ маргааш нь та тэр үгээ санаж байгаа бол маргаангүй харааны ой тогтоолт сайтай хүн аж.
Хэрвээ санахгүй байгаа бол шинэ үгээ харалгүйгээр хэн нэгнээр хэд хэдэн удаа уншуулж сонсоод тогтоох гэж оролдоод үзээрэй. Харин маргааш нь та тэр үгээ санаж байвал та аливааг сонсоод цээжлэх чадвар сайтай хүн юм байна. Хэрвээ ингээд болохгүй бол үгээ бичиж, чанга дуугаар уншиж, хэн нэгнээр уншуулж сонсож аль алиныг нь оролдоод үзээрэй. Энэ аргаар та үгээ цээжилж чадсан бол та үйл хөдлөлөөр буюу таван мэдрэхүйгээ сайн ашиглаж чадах суралцагч юм байна.
Хэрвээ та өмнө нь ямар нэг гадаад хэл сурч байсан бол аль арга барилаар сурах нь танд илүү сайн нөлөө үзүүлж байсан, аль нь хүндрэлтэй, үр нөлөөгүй байсныг санаж тунгааснаар шинэ хэл сурахад дөхөм болох юм.
2. ҮГСИЙН ДУУДЛАГЫГ ЗӨВ СУР
Таны сурч буй хэл төрөлх хэлтэй чинь адилхан цагаан толгойтой байсан ч дуудлага нь ижилхэн байна гэсэн үг биш.
-
Үгийг зөв дуудаж сурахад тань ихэнх толь бичгүүдийн ашигладаг Олон Улсын Цагаан толгойн Дуудлага бүхий тусгай толь бичгүүд ч бий.
-
Мөн зөв дуудаж сурахтай холбогдуулан гаргасан аудио хичээл, Duolingo апликэйшн болон дуудлагыг хэрхэн амархан аргаар сурах тухай зөвлөмжүүдийг онлайнаар үнэгүй авч болно.
3. ДҮРЭМД АНХААРЛАА ХАНДУУЛ
Дүрэм бол гадаад хэл сурч буй хүний зайлшгүй мэдэх ёстой зүйлсийн нэг гарцаагүй мөн. Хэрвээ чи дүрэмдээ анхаарал хандуулахгүй бол бусадтай харилцаж ойлголцоход хэцүү байх болно.
-
Тухайн хэлнийхээ бичвэрүүдийн бүтцийг анхаар. (эр хүйстэй үг, эм хүйстэй үг, саармаг үг.) Бүтэц дээр ажиллаж, анхаарлаа хандуулснаар өөр өөр үгс хэрхэн бие биетэйгээ зохицдог талаар ойлголттой болох юм.
4. ӨДӨРТ 30 ҮГ, ӨГҮҮЛБЭР ЦЭЭЖИЛ
Ингэхдээ хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсээс эхэлж цээжлээрэй. Цээжилж тогтоох нь тулааны хагастай тэнцэхүйц чухал зүйл. Шинэ үг цээжлэх маш олон арга байдаг.
-
Үг тус бүрийг олон удаа хуулан бичиж давтлага хий.
-
Цээжилж буй тухайн үгээ өөр өөр олон өгүүлбэрт оруулж ашигла. Ингэснээр хэрэгтэй үедээ тухайн үгээ эргэн санахад хялбар байх болно.
-
Дадлага хийж цээжилсэн үгээ байнга ашигла. Үгүй бол мартчихна шүү дээ.
5. ЦАГААН ТОЛГОЙГ ДАВТ
Ялангуяа төрөлх хэлнээс чинь өөр бичлэгтэй цагаан толгойтой хэл сурч байгаа бол тухайн хэлний үсгүүд хэрхэн бичигддэгийг давтах хэрэгтэй.
-
Үсэг болон түүний авиатай холбоотой зургуудыг хар. Улмаар тархи чинь тухайн үсэг авиаг амархан тогтооно. Юутай ч уялдуулан хамааруулж цээжилж болно. Энгийн эсвэл ямар ч зүйлтэй хамаагүй холбож бодож цээжил. Энэ нь дараа нь санахад тустай шүү.
ХОЁРДУГААРТ: ДАХИН ДАХИН ДАВТ
6. СОНС
Сурч буй хэл дээрээ телевизийн шоу, кино үзэж хөгжим сонс. Энэ нь чамд дадлага болж өгөх ба шинээр сурсан зүйлээ мартахгүй байхад чинь тусална. Гэхдээ зөвхөн сонсоод л байвал үр дүнд хүрэхгүй. Тиймээс тухайн үг, өгүүлбэрээ давтаж хэлээрэй.
-
Гадаад хэлтэй хүмүүсийн хамгийн түрүүнд санал болгодог техник бол "Shadowing" юм. Энэ нь нэг үгээр чихэвчээрээ юм сонсож, сонсох чадвараа гадаад хэлэнд дасгах дасгал юм. Тиймээс чихэвчээ ав, гадаа гар. Сурч буй хэл дээрээ аудио сонс. Тэгээд дахин дахин давт.
-
Аудио ном, хичээлүүд сонс. Ажил, сургууль, гэрлүүгээ явах замдаа сонссоор л бай.
-
Телевизийн нэвтрүүлэг киног эхлээд хадмал тайлбартайгаар үзээд дараагаар нь хадмал ашиглахгүйгээр үз. Мэдлэгээ ахиулах хөгжилтэй арга шүү.
-
Сурч буй хэл дээрээ дуу сонс. Аяга тавгаа угаахдаа, алхаж явахдаа гээд хаана ч гэсэн сонсож л яв. Дууныхаа үгэнд анхаарлаа хандуул. Үгс бүрийг нь барьж авч сонсож утгыг нь олох гэж оролдоод үз.
7. СУРЧ БУЙ ХЭЛ ДЭЭРЭЭ УНШ
Энгийн номноос эхлээд бага багаар хүндрүүлж унших хэрэгтэй. Эхлээд толь бичиг ашиглахгүйгээр уншин өөрийгөө сорьж мэдэхгүй үгнийхээ утгыг өөрөө тааварлаж олох гээд үз.
-
Хүүхдийн ном сайн эхлэл болно шүү. Энэ төрлийн ном энгийн үг хэллэгтэйгээс гадна ойлгоход хялбар байдаг.
-
Төрөлх хэл дээрээ уншихыг хүссэн номоо олж, боломжтой бол сурч буй хэл дээр чинь хэвлэгдсэнийг нь унш. Номын агуулгын талаарх чиний мэдлэг үгсийн утгыг тайлахад туслах болно.
-
Сурч буй хэлээрээ алдартай сонин сэтгүүл унш. Өөрийн сонирхдог сэдвээ сонго. Сэтгүүл бол өргөн хэрэглээний хэлц үгнүүдийг мэдэж авах хамгийн сайн арга зам юм. Сонин сэтгүүлийн бичвэрүүд маш олон төрлийн сэдвийн хүрээнд байдаг ч бүтэн номоос богинохон бичлэгтэй.
8. УНАГАН ХЭЛТНҮҮДТЭЙ ЯРИЛЦ
Хэрэв чи сурч буй хэлээрээ ярихгүй л бол сайн сурч чадахгүй. Хэл сурч буй хүмүүсийг төрөлх хэлтнүүдтэй холбож ярилцах боломж олгодог Skype гэх апликэйшнийг мэдэхгүй хүн үгүй. Хэрэв үүнийг ашиглах боломжгүй бол сошиал хөгжсөн энэ цаг үед өөр боломжуудыг хайгаад үзээрэй. Ярианы дадлага хийхэд тань туслах, шууд ярилцаж болох хэн нэгнийг ол. Хэлний сургууль бол энэ санааг хэрэгжүүлж болох сайхан газар шүү.
-
Хэлц үг болон өвөрмөц хэлцүүдийг сур.
-
Ярьж чадахгүй байгаадаа битгий сэтгэлээр уна. Чамд суралцах цаг хугацаа хангалттай бий.
9. ДАДАЛ ЗУРШИЛ БОЛГО
Төрөлх хэлтнүүдтэй олны өмнө ярихаас бүү төвөгшөө. Энэ нь чамайг сурч буй хэлээ төгс эзэмшихэд тус болох болно. Буруу дуудлагаасаа ичих зүйл байхгүй. Бүхнийг мэддэг хүн гэж байхгүй шүү дээ. Мөн аливааг эхлүүлэхдээ ч алддаггүй хүн гэж үгүй. Шүүмжлүүлэхдээ бэлэн бай. Өөрт байгаа боломжоороо цахим ертөнцийг ашиглан хэлний түвшингээ шалга.
-
Сурч буй хэлээрээ кино, телевизийн шоу тогтмол үз.
-
Тухайн хэл дээрээ шууд сэтгэн бодож өөрийгөө сорь.