Жүжигчин Вилл Смитийн тоглохоос татгалзсан АЛДАРТАЙ дүрүүд
“Bad Boys”, “Independence Day”, “Men in Black”, “I Am Legend”. Холливудын шилдэг жүжигчдийн нэг Вилл Смитийн тоглосон кинонуудыг дурдвал дуусахгүй. Алдарт жүжигчин маань карьертаа хөгжилтэй, хүчирхэг, бүтэлгүй гээд л маш олон гайхамшигтай дүрийг бүтээсэн. Гэхдээ эдгээр дүрийг бүтээхийн тулд тэрбээр маш олон гайхамшигтай дүрд тоглох боломжоо алдаж байсан юм. Энэ удаагийн нийтлэлээрээ алдарт жүжигчин Вилл Смитийн тоглох боломжтой байсан шилдэг дүрүүдийг танилцуулахаар шийдлээ.
МӨРДӨГЧ ЖЕЙМС КАРТЕР (RUSH HOUR)
1998 онд нээлтээ хийсэн “Rush Hour” кино тухайн цаг үеийнхээ шилдэг инээдмийн кинонуудын нэг яах аргагүй мөн. Хонг Конгоос ирсэн мөрдөгч Яан болон Холбооны мөрдөх товчооны ажилтан Жеймс Картер нарт тохиолдсон адал явдлын талаар өгүүлэх энэхүү киноны Жеймс Картерын дүрийг анх жүжигчин Вилл Смитэд санал болгож байжээ. Гэвч нэрт жүжигчин маань 3 жилийн өмнө нь энэхүү киноны үйл явдалтай тун төстэй “Bad Boys” кинонд тоглосноор алдрын оргилд хүрээд байв. Тиймдээ ч тэрээр Жеймс Картерын дүрээс татгалзсан юм. Ингээд түүний оронд алдарт инээдмийн жүжигчин Крис Такер энэхүү дүрд тоглон гайхалтай жүжиглэлтийг үзүүлсэн чадсан билээ.
НЕО (THE MATRIX)
Жүжигчин Вилл Смит 1999 онд нээлтээ хийсэн шинжлэх ухааны зөгнөлт “The Matrix” киноны Неогийн дүрд ч мөн тоглох боломжтой байсан юм. Найруулагч эгч дүүс Вачовски нар Неогийн дүрийг Вилл Смитэд санал болгох үед тэрээр киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг болох сумнаас бултдаг хэсгийг ойлгоогүй учраас энэхүү саналаас татгалзсан хэмээн хожим нь ярьсан байдаг. “The Matrix” киноны оронд тэрбээр тухайн жил гарсан “Wild Wild West” кинонд Ахмад Жеймс Вестийн дүрд тоглосон юм. Харин Неогийн дүрд алдарт жүжигчин Киану Ривз тоглож бид бүхэнд мартагдахааргүй дурсамжийг үлдээсэн билээ.
СУПЕРМЕН (SUPERMAN RETURNS)
Тийм ээ! Та яг зөв уншсан. Вилл Смит Супермений дүрд. Нэрт найруулагч Брайан Сингерийн найруулсан "Superman Returns" кино 2006 онд нээлтээ хийсэн. Олон ч талаараа сул бүтээл болсон энэхүү киноны гол дүр Кларк Кент буюу Супермений дүрийг Вилл Смитэд санал болгож байжээ. Олон хүмүүс түүнийг DC комик дахь Супермен цагаан арьстай байдаг учраас тоглохоос татгалзсан гэж үздэг. Ямартай ч тус киноны Суперменд Брэндон Рут тоглосон юм.
ЖАНГО ФРИМЕН (DJANGO UNCHAINED)
Жагсаалт маань найруулагч Квентин Тарантиногийн 2012 онд гарсан “Django Unchained” киногоор үргэлжилж байна. Боол эхнэрээ аврахын тулд Герман хөлсний ангуучтай хамтрах залуугийн тухай өгүүлдэг тус киноны Жанго Фримений дүрийн санал ч мөн жүжигчин Вилл Смитэд ирж байжээ. Тэрбээр уг кинонд тоглоогүй шалтгаанаа хожим нь “Миний хувьд Жанго гол дүр байгаагүй. Хөлсний ангууч Шульц гол дүр байсан. Би гол дүр байхыг хүсэж байсан” хэмээн тайлбарлажээ.
АХМАД СТИВЕН ХИЛЛЕР (INDEPENDENCE DAY: RESURGENCE)
Найруулагч Роланд Эммерикийн 1996 онд нээлтээ хийсэн “Independence Day” кино нь жүжигчин Вилл Смитийн тоглосон анхны блокбастер кино байсан юм. 20 жилийн дараа буюу 2016 онд тус киноны үргэлжлэл болох “Independence Day: Resurgence” кино гарсан бөгөөд түүнийг Ахмад Стивен Хиллерийн дүрд дахин тоглохыг урьж байжээ. Гэвч Вилл Смит хүү Жейден Смиттэйгээ хамт тоглосон “After Earth” киноны ажлын улмаас уг кинонд тоглож чадаагүй юм. Ингээд “Independence Day: Resurgence” кинон дээр Ахмад Стивен Хиллерийг цэргийн сургуулилтын үеэр нас барсан гэж гаргадаг.