Японд цэвэрлэгч роботуудыг туршиж эхэлжээ
Японы эдийн засагт тулгамдсан асуудлуудын нэг болох төлөвтэй байгаа ажиллах хүчний хомсдолыг зохицуулах зорилгоор хиймэл оюун ухаан бүхий роботыг олон салбарт туршиж байна.
Токио хотоос холгүй оршдог Сайтама муж дахь нэгэн их сургуулийн эмнэлэгт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн цэвэрлэгч роботыг ажиллуулж эхэлжээ.Хиймэл оюун ухаант роботууд нь 80 сантиметр өндөр бөгөөд тэднийг камераар тоноглосон байна. Роботууд бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүсийг таньж чаддаг ба аюултай нөхцөл байдлыг урьдчилсан таамагласан даруйдаа ажиллагаагаа зогсоодог байна.
Эмнэлгийн удирдлагуудын мэдээлснээр, урьд нь 27 цэвэрлэгч ажилладаг байсан бол роботуудыг ашиглаж эхэлснээс хойш 22 цэвэрлэгч ажиллах болжээ. Одоогийн байдлаар цэвэрлэгч роботуудыг мужийн 20 үйлдвэр болон их сургуульд ажиллуулж байгаа аж.“Роботууд цаашид үйл ажиллагаагаа аюулгүй явуулсаар байвал бизнес эрхлэгчид түгээмэл хэрэглэдэг болно хэмээн найдаж байна” гэж робот хөгжүүлэгч мэргэжилтэн хэлжээ.