Өнөөдрөөс эхлэн сонсвол зохих ШИЛДЭГ 10 подкаст

Завгүй амьдралын хэв маяг залуучуудын дунд зонхилсон энэ үед үнэт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх хамгийн сонгодог арга бол сонсдог контент буюу Подкаст.

Тогтсон цагтай, тусгай форматтай, зорилготой аудио бичлэгүүдийг сонссоноор та төрөл бүрийн мэдээллийг авч, өөрийгөө хөгжүүлэн мэдлэгээ тэлэх боломжтой. Магад таны амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч, аливаа зүйлийг харах өнцөг өөрчлөгдөнө. 

Та бүхэнд өнөөдрөөс эхлэн сонсвол зохих англи хэл дээрх подкастуудыг танилцуулж байна. Оюуны цангаагаа тайлахаас гадна давхар англи хэлээ ч сайжруулах боломжтой.

THE DAILY

“The Daily” нь “The New York Times”-ийн бэлтгэн гаргадаг өдөр тутмын мэдээний агуулгатай подкаст юм.

Дэлхий дахинд анхаарал татаж буй цаг үеийн үйл явдлуудыг мэдээлэх зорилготой уг подкастыг Майкл Барбаро хөтөлдөг. Мэдээ ямар байх хэрэгтэйг утгаар нь харуулна. Аливаа асуудлыг олон өнцгөөс сурвалжилж, цаад талын учир шалтгааныг тайлбарладаг. Ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйг хатуу баримталдаг гэдгээрээ онцлог.

Долоон хоногт даваагаас баасан гараг хүртэл 5 дугаар бэлтгэн гаргадаг. Нэг дугаар нэг сэдвийн хүрээнд 20 минутын турш үргэлжилнэ. Цаг үетэйгээ хөл зэрэгцэн алхаж, аливаа мэдээллийг олон талаас нь үнэлж дүгнэхийг хүсвэл “The Daily” подкастыг сонсоорой. Чанарыг эрхэмлэгч хүмүүст таалагдах болно.

СОНСОХ

THIS AMERICAN LIFE

“This American Life” нь долоо хоног бүр шинэ дугаар гаргадаг олон нийтийн радио подкаст юм. Айра Глассын хөтөлдөг уг подкаст Америкт маш алдартай бөгөөд радио нэвтрүүлгийн нэр хүндтэй ихэнх шагналыг хүртжээ.

Та эгэл жирийн Америк хүмүүсийн амьдралын түүхийг сонсоно. Тэд инээнэ, уйлна, хэзээ ч төсөөлөөгүй яриаг өрнүүлнэ. Сонсогчдын сэтгэлийг шууд л татна.

Тодорхой сэдвийг авч, өргөн хүрээнд судалдаг. Нэг удаагийн дугаараар багадаа гурван хүний амьдралын түүхийг өгүүлдэг. 2.5 сая удаа татагдсан уг подкастыг сонссоноор ямар нэг зүйлийг ухаарах нь гарцаагүй.

СОНСОХ

STUFF YOU SHOULD KNOW

“Таны мэдэх хэрэгтэй зүйл” подкастаар амьтнаас авахуулаад дайн хүртэл бүх сэдвийн хүрээнд ярилцдаг. Хөтлөгч Жош болон Чак нар контентоо хөгжилтэй байдлаар хүргэхийг зорьдог.

Ерөнхий мэдлэг өгөх зорилготой энэ подкастын ямар ч дугаарыг сонссон та харамсахгүй. “Та хөргөгчгүйгээр амьдарч чадах уу?”, “Дежа ву хэрхэн үүсдэг вэ?”, “Цуврал алуурчны түүх”, “Улс орнуудын цагийн зөрүү” гэх зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар хүүрнэдэг.

40 минутаас нэг цагийн хооронд үргэлжилдэг энэхүү подкаст таны оюуны цангааг тайлах нь тодорхой. 

СОНСОХ

THE VERGECAST

Баасан гараг бүр тухайн долоо хоногт болсон технологийн салбарын анхаарал татсан сонирхолтой мэдээллүүдийг нэгтгэн хүргэдэг. “The Verge”-ийн ерөнхий эрхлэгч, ерөнхий редактор нар өөрсдөө подкастаа хөтөлдөг. Мягмар гарагт технологийн лидерүүдийг урьж ярилцлага хийдэг.

Технологийн салбарт болж буй үйл явдал болон технологийн цаашдын чиг хандлагын талаар сонирхолтой, чанартай мэдээллийг нэг дороос авахыг хүсвэл энэ подкаст танд гарцаагүй туслах болно. Өдөр бүр мэдээ уншиж амждаггүй бол 7 хоногт 1 удаа “The Vergecast”-ыг сонсохыг зөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногийн дугаараар Apple-ийн шинэ бүтээгдэхүүн IPhone 11-ийн үзүүлэлтүүдийн талаар ярилцжээ.

СОНСОХ

HIDDEN BRAIN

“Hidden Brain” подкастын хөтлөгч Шанкар Ведантам хүмүүсийн сэтгэл зүй, зан төлөвийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл түгээдэг.

“Бид бүгд үхнэ”, “Бид үүр амьдарна”, “Дуу хоолойгоо олох нь” зэрэг дугааруудыг сүүлд нийтэлжээ. Гарчгийг нь сонсох төдийд л сонирхол татна.

Үхэл, амьдрал, сонголт, харилцаа, айдсаа хэрхэн даван туулах вэ гээд л олон төрлийн асуудлыг нийгмийн шинжлэх ухаан талаас нь судалжээ. Та сэтгэл зүй, зан төлөвийн шинжлэх ухааныг сонирхдог бол энэ подкастыг заавал сонсоорой.

СОНСОХ

RADIOLAB

Жад Абумрад, Роберт Крулвич нарын хөтөлдөг “Radiolab” подкаст нь шинжлэх ухаан, философийн ерөнхий төсөөлөл, ойлголтыг бүтээлч байдлаар мэдээлэл болгож хүргэдэг. Та хэний ч төсөөлөөгүй, гайхширмаар, содон түүхүүдийг сонсох болно.

Амьдралд ойр биш ч сонсохгүй байж чадахгүй хамгийн сонирхолтой сэдвүүдийг хөнддөг. “Radiolab”-ийн ертөнцөд мэдээлэл яг л хөгжим, шинжлэх ухаан, соёлын мөргөлдөөн шиг санагдана. Та үл итгэсэн ч хорвоо дэлхий дээр гайхамшиг байдаг гэдэгт итгэнэ.

Энэхүү подкаст таны мэдлэгийг хүрээг тэлэхэд маш том хувь нэмэр оруулах юм шүү. Сонин, содон бүхнийг эндээс сонсоорой. 

СОНСОХ

THE SERIAL


Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн утга учрыг харуулсан энэ цуврал мартагдсан хэргүүдийг эргэж сөхөн, бодит баримт дээр тулгуурлан болсон үйл явдлыг хүүрнэдэг.

2017 оны зургаадугаар сарын байдлаар 175 сая удаа татагдаж, дэлхийн рекордыг эвдсэн тун өвөрмөц подкаст юм. Эхний улирал нь “iTunes”-д тавигдахаасаа өмнө жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байжээ.

1999 онд болсон ахлах ангийн сурагчийн амь насанд хүрсэн ойлгомжгүй хэргийн талаар өгүүлдэг. Та эхний дугаарыг сонсоход л дараагийн ангид яах бол гэсэн хүлээлт үүснэ. Өнгөрсөн жилээс хойш шинэ дугаар нийтлэгдээгүй ч өмнөх 36 дугаарыг заавал сонсохыг зөвлөж байна.

СОНСОХ

TED TALKS DAILY

Бидэнд “TED”-ийн гайхалтай илтгэлүүдийг бүгдийг нь үзэх цаг, боломж, нөхцөл байдаггүй шүү дээ.

Яагаад замдаа эсвэл хэн нэгнийг хүлээнгээ хүчирхэг хөгжилтэй яриа, сонирхолтой санаа, сонин шийдлүүдийн талаар сонсож болохгүй гэж? Ийм боломжийг “TED Talks Daily” танд санал болгож байна. TED учир чанарт нь эргэлзэхгүйгээр шууд л сонсож эхлэх хэрэгтэй.

СОНСОХ

PLANET MONEY

“National Public Radio”-ийн эрхлэн гаргадаг “Planet Money”-гийн эхний дугаар 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын эхлэл, өрнөл, үр нөлөөний талаар энгийн иргэдэд тайлбарлах зорилготойгоор гарч байжээ.

Энэхүү подкастаар эдийн засгийн хамгийн хэцүү ойлголтыг ойлгомжтой, энгийнээр тайлбарладаг. Та эдийн засгийн ухаан, мөнгө, бизнесийн талаар ерөнхий ойлголттой болно. Долоо хоногт 2 дугаар бэлтгэдэг уг подкастын үргэлжлэх хугацаа ердөө 15 минут юм.

СОНСОХ

TIM FERRISS SHOW

"The New York Times"-ийн бестселлер, дэлхий даяар 35 хэлэнд орчуулагдан 1 сая гаруй хувь борлогдсон "The 4-Hour Workweek" номыг зохиогч Тим Ферриссийн подкастыг сонсохыг зөвлөж байна. Т.Феррисс салбар салбарын манлайлагчдыг урин тэдний амжилтын нууцын талаар ярилцлага өрнүүлдэг. Түүний ярилцлагуудад А.Шварцнеггер, Э.Нортон, М.Гладвелл зэрэг алдартай хүмүүс оролцож байсан юм.

СОНСОХ

Харин та ямар подкастууд сонсдог вэ? Өөрийн дуртай подкастуудаас хуваалцаж, бусад уншигчдадаа санал болгоорой. Танд дээрх подкастууд таалагдаж байвал нэрийн дагуу бичээд хайхад л болно. Аудио бичлэгүүдийн доор холболт хийсэн тул шууд сонсох боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.198)