"Fast Fashion" бидний ирээдүйг хэрхэн сүйтгэж байна вэ?

Танд сүүлийн үед трэнд болж буй загварын хувцсыг боломжийн үнээр худалдан авах боломж гарвал яах вэ? Өөрөөсөө мөнгө харамлах байсан уу? Үгүй л болов уу. Хүмүүс, тэр дундаа залуус бидний ихэнх нь брэндээр гоёж, загварлаг хувцсаар өөрийгөө тодорхойлохыг хүсдэг нь нууц биш. Гэвч хямд үнэтэй, загварлаг хувцаснууд байгаль дэлхийд маань бидний төсөөлшгүй их хэмжээний хор хөнөөлийг учруулдаг аж. Хэрэв та энэ төрлийн хувцсыг үзээд өнгөрөхгүйгээр шуудхан очоод авчихдаг бол хэдхэн хором зарцуулаад дараах мэдээллийг уншаарай.

FAST FASHION ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний амьдралын өдөр тутмын, зайлшгүй хэрэгцээний нэг болох хувцас нь биднийг гадаад орчны нөлөөнөөс хамгаалахын зэрэгцээ дотоод ертөнцийг маань илэрхийлэх хамгийн чухал тодорхойлолт болдог билээ. Хүн бүр өөр өөрийн дахин давтагдашгүй хэв шинж, хүсэл сонирхолтой байх тул үүнийгээ дагаад жил ирэх тусам загварын олон төрлүүд шинээр бий болсоор байна.

Гэвч хүн бүрд загварлаг бөгөөд чанартай гэсэн хоёр шаардлагыг хангахуйц хувцсыг өндөр үнээр худалдан авах боломж, бололцоо байдаггүй. Иймд бид заримдаа олон нийтийн нөөц бололцоонд нийцүүлэн зах зээлийн дунджаас доогуур үнээр үйлдвэрлэгдсэн хувцсыг сонгодог.

Энэ төрлийн хувцас маш өндөр борлуулалттай байдаг шигээ эдэлгээ муутай байдаг гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Дэлхийд алдартай хувцасны брэндүүд хүртэл ашгаа бодож иймэрхүү борлуулалт өндөртэй, чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үүнийг “Fast Fashion” гэж нэрлэдэг байна.

Бид өмнөх удаагийн дугаар “Zero Waste амьдралын хэв маягт суралцах нь” нийтлэлдээ удаан эдэлгээтэй, чанартай бүтээгдэхүүн сонгох талаар зөвлөж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд яагаад “Fast Fashion”-ээс татгалзан чанартай бүтээгдэхүүн сонгох ёстойг дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна.

ХЭНИЙ Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ ХОР ХӨНӨӨЛ

Хамгийн сүүлийн үеийн статистик судалгаагаар дэлхийн загварын зах зээл 3 их наяд ам.доллараар хэмжигдсэн бөгөөд үүний 1,2 их наяд ам.долларыг “Fast fashion” буюу эдэлгээ муу, хямд хувцасны үйлдвэрлэл дангаараа эзэлж байна. 

“Fast fashion”-ийн гол хөдөлгөгч хүч бол төлөвлөгөөт эдэлгээ юм. Хувцас үйлдвэрлэгчид амархан элэгддэг, чанар муутай хувцас үйлдвэрлэснээр хэрэглэгчдийг ойр ойрхон татаж, байнгын үйлдвэрлэлээ явуулах боломжтой болдог байна. Тухайлбал хямдавтар үнэтэй биеийн тамирын цамцыг ойролцоогоор 30-40 угаалга даахаар үйлдвэрлэдэг ажээ.

Хамгийн аймшигтай нь хувцас үйлдвэрлэл хүрээлэн буй орчныг бохирдуулдаг гол хүчин зүйлсийн жагсаалтад газрын тосны үйлдвэрийн дараа буюу хоёрдугаарт жагсдаг байна.

“True Cost” (2015) баримтад кино дэлхийн томоохон брэндүүд хүмүүсийн тархийг хэрхэн угааж “Fast fashion”-ээр мөнгө олж буйг дэлгэн харуулснаар олон нийт хямд, чанаргүй хувцас авахаас татгалзаж эхэлсэн байна.

Бидний сайн мэдэх "Zara", "H&M", "Forever21", "Topshop" зэрэг брэндүүд зардлаа маш багаар барьж, бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулахын тулд хөгжиж буй орнуудын хамгийн бага үнэ амласан үйлдвэрүүдтэй гэрээ хийн хувцсаа хийлгэдэг аж. Сайн анзаарвал тус брэндүүдийн хувцасны шошгон дээр ихэвчлэн Made in China, Made in Bangladesh, Made in India, Made in Vietnam гэж бичигдсэн байдаг шүү дээ.

Эдгээр хөгжиж буй орнуудын 40 сая гаруй ажиллах хүчин өдөрт ердөө 2-3 долларын цалинтайгаар 16-18 цагийг хүнд хэцүү нөхцөлд ажиллан өнгөрөөдөг нь нэгэнт ил болжээ. Өртөг багатайгаар ажиллахын тулд нурж унах шахсан үйлдвэрт ажиллаж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан ажилчдын түүх олон бий.

Энэ аймшигтай гэмээр зүйлийн үр дүнд жил бүр 80 сая гаруй шинэхэн хувцас хэрэглэгчдийн гар дээр очдог бөгөөд энэ нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин их тоо юм. Үүнээс нэг сая гаруй тонн хувцас газарт булагддаг. Харамсалтай нь эдгээр хувцас ихэвчлэн синтетик материалаар хийгддэг тул газарт шингэхгүй хэдэн зуун жил болдог байна.

Тиймээс дэлхий нийтээрээ хог хаягдлын гол эх үүсвэр болсон эдэлгээ муутай, хямд үнэтэй хувцаснуудаас татгалзаж, аль болох олон жилийн турш өмсөх, чанартай, цөөн хувцас авахыг уриалж байгаа юм. Уншигч та ч бас одооноос эхлэн хямдхан “хог хаягдал” худалдан авалгүйгээр чанартай сонголт хийж хэвшээрэй. Бидний эх дэлхийн ирээдүй бидний гарт байна!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.10.200)