Сарын тэмдгийн үед идвэл ЗОХИХ болон ХОРИГЛОХ хүнс
Бэлгийн бойжилтын өмнөх, жирэмсний, цэвэршилтийн үе зэргийг хасвал эмэгтэй хүнд амьдралынх нь туршид 450 орчим удаа сарын тэмдэг ирдэг гэсэн тоо бий. 450 удаа сарын тэмдэг ирнэ гээд бод доо. Их тоо шүү. Сарын тэмдгийн мөчлөг, өвдөлт, хэмжээ зэрэг нь тухайн эмэгтэйн биеийн онцлогоос хамааран өөр өөр байх тул биеийн онцлогоо сайтар таньж мэдэх хэрэгтэй.
Ингээд сарын тэмдгийн үед идэхийг хориглох болон идвэл зохих хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухай мэдээллийг хүргэе.
ИДЭЖ БОЛОХГҮЙ ХҮНС
1. ДАВС ИХТЭЙ ХООЛ
Сарын тэмдгийн үеэр хэт их давстай хоол хүнс идсэнээр хавагнах, цаашлаад хөх хатуурах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
2. ХАЛУУН НОГООТОЙ ХООЛ
"Найз" маань ирсэн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул амархан боловсорч, шингэдэг хоол хүнс хэрэглэвэл зохино. Халуун ногоотой хоолнууд удаан шингэцтэй байдаг учраас энэ үедээ битгий идээрэй.
3. ЧИХЭРЛЭГ ЗҮЙЛС
Хэт чихэрлэг хоол хүнс хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, толгой эргэж өвддөг.
4. ХҮЙТЭН ХООЛ ХҮНС, УУХ ЗҮЙЛС
Хүйтэн хоол хүнс шингэц муутай байдгаас гадна цусны эргэлтийг удаашруулдаг тул сарын тэмдгийн өвдөлтийг нэмэгдүүлдэг.
5. АЛКОХОЛ БОЛОН КАФЕЙН АГУУЛСАН ЗҮЙЛС
Алкохол болон кафейн агуулсан хоол хүнс шээс ялгаруулалтыг ихэсгэж, бие дэх шингэний хэмжээг багасгаснаар сарын тэмдэг өвдөлттэй ирэх шалтгаан болдог байна.
Тиймээс энэ чухал үедээ дээр анхааруулсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, дараах хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.
ИДВЭЛ ЗОХИХ ХҮНС
1. НОГООН ӨНГИЙН ХҮНСНИЙ НОГОО
Байцаа, цэцэгт навч, салатны навч, өргөст хэмх зэрэг нь витамин В агуулдаг тул гэдэс дүүрэлтийг намдааж, зовиурыг багасгадаг байна.
2. ЖИМС
Дээр дурдсанчлан сарын тэмдгийн үед хоол боловсруулах үйл ажиллагаа мууддаг тул ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих хүнс хэрэглэх хэрэгтэй. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг нь энэ тал дээр "мастер" л гэсэн үг.
3. БҮХЭЛ ҮРИЙН ГУРИЛ
Бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, хөц, арвай будаа зэрэг нь биед ихээхэн хэмжээний шим тэжээл, эрдэс бодисыг нийлүүлдэг тул сарын тэмдгийн үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
4. МАХ
Мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр сарын тэмдгийн үед алдсан төмөр болон кальцийг нөхөн төлжүүлэх боломжтой.
5. ХАР ШОКОЛАД
Сарын тэмдгийн үеэр чихэрлэг, амттай зүйлс идмээр санагддаг шүү дээ. Өмнө хэлсэнчлэн хэт их чихэрлэг зүйлс идэж хэрэглэж болохгүй ч хар шоколадыг зохистой хэмжээгээр идвэл хэвлийн булчин суларч, гэдэсний үйл ажиллагаа тогтворжих тустай.