"Тоонот" студийнхэн дуудаж байна: "Гараад ир найз минь"
Х.Билгүүн
Залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн идэвхи оролцоог идэвхжүүлэх зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МЗХ зэрэг байгууллагаас энэ наймдугаар сарыг “Залуусын сар” болгон тэмдэглэж байгаа билээ. Тиймээс энэ л өдрүүдэд урлаг, уран сайхан, дуу хуураар дамжуулан нийгэмд үргэлж сайн сайхныг уриалж байдаг “Тоонот” студийн хамт олон энэ сарын 21-нд залууст зориулсан сонирхолтой эвент зохион байгуулах гэж байна.
Энэ тухай “Тоонот” студийн дууны инженер, уран бүтээлч Э.Дэлгэрмөрөнтэй холбогдож зарим мэдээллийг тодруулсан юм. Тэрээр “Уг арга хэмжээ “Гараад ир найз минь” нэртэй. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар Сувд” пабд энэ сарын 21-нд 18:00.цагаас зохион байгуулагдана.
Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмтэй холбогдуулан бид цөөн хүнтэй, цомхон байдлаар хийнэ. Уг эвентэд удаан уулзаагүй найз нөхөдтэйгээ нэгэн үдшийг хамтдаа, доргио өнгөрөөхийг хүсвэл манай залуусын шинэ бүтээлүүдийг үзэж сонирхоорой” гэв.
Залуу уран бүтээлчдийг нэгтгэсэн “Тоонот” студи нь 2017 онд анх байгуулагдаж, “Монголын хип хопчдын нэгдсэн ХХХ”, “Аз жаргал”, “Тоонот” гэх мэт томоохон уран бүтээлүүд дээр ажиллаж байсан билээ.
Тус студийн уран бүтээлчдээс дурьдвал, Backyard, CCB, Gangsta Service гэх мэт Лабелийн үүсгэн байгуулагч продюсер, реппер Desant буюу Г.Батболд, мөн уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд үргэлж сайн сайхан зүйлсийг уриалж байдаг артист Thunder (Б.Өлзийучрал) болон Дуучин ,жүжигчин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip(Э.Золбоо), Bilgang(Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байгаа. Бид Монголын хөгжмийн урлагт, хип хоп урлаг хурдацтай хөгжиж байгааг илэрхийлэх болно гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Эх сурвалж: www.news24.mn