Шохоорхож явдаг уран бүтээлчтэйгээ хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн алдартнууд

Өөрийн "Celebrity Crush" буюу шохоорхож, хайрлаж явдаг алдартнаа олон нийтэд зарласан одууд цөөнгүй бий. Тэдний зарим нь өөрсдийн хайртай алдартантайгаа болзох, тэр ч байтугай гэрлэх ховорхон боломжийн эзэн болжээ. Ингээд өөрийн хайртай уран бүтээлчтэйгээ хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн алдартнуудыг танилцуулж байна. 

1. JASON MOMOA БОЛОН LISA BONET

Жүжигчин Jason Momoa болон Lisa Bonet нарын хайрын түүх их алдартай. Jason Momoa ердөө 8 настайдаа ирээдүйн эхнэрээ зурагтаар харчихаад шууд л дурлаж байсан гэдэг. Ингээд 2005 онд буюу 25 настайдаа эхнэртэйгээ албан ёсоор үерхэж, үүнээс 12 жилийн дараа гэрлэлтээ батлуулсан байдаг. 

Гэхдээ тэрээр эхнэрээ бага байхаасаа л шохоорхож байсан гэдгээ хүүхэдтэй болох хүртлээ хэлээгүй байсан аж. Өдгөө тэд гурван хүүхдийн эцэг эх болон аз жаргалтай амьдарч байна. 

2. VICTORIA BECKHAM БОЛОН DAVID BECKHAM

Алдарт "Spice Girls" хамтлагийн гишүүн асан, дуучин Victoria Beckham-ийн хамгийн анхны Celebrity Crush нь одоогийн нөхөр David Beckham байсан гэдэг. 

Тэд 1999 онд гэрлэсэн бөгөөд өдгөө Brooklyn, Romeo, Cruz, Harper гэх дөрвөн хүүхдийн эцэг эх болцгоожээ. 

3. ALEX RODRIGUEZ БОЛОН JENNIFER LOPEZ

Мэргэжлийн бэйсболлын тамирчин Alex Rodriguez 2019 онд NBC сувгийн "Tonight Show Starring Jimmy Fallon" нэвтрүүлэгт оролцох үеэрээ 1998 оны нэгэн бичлэгээ хуваалцсан байдаг. Бичлэгт сэтгүүлч Alex-аас хэнтэй болзохыг мөрөөддөг талаар нь асуухад тэрээр ямар ч эргэлзээгүйгээр дуучин Jennifer Lopez-ийг нэрлэдэг. Alex бичлэгээ үзүүлснийхээ дараа: 

- "АНУ-д мөрөөдөл яг л биеллээ олдог байгаа биз? Гэхдээ мөрөөдлөө биелүүлэх гэж 20 жил болсон байна" гэж байжээ. 

Тэд хоёр жилийн туршид үерхсэний эцэст 2019 онд албан ёсоор гэрлэсэн байдаг. 

4. HAILEY BIEBER БОЛОН JUSTIN BIEBER

Загвар өмсөгч Hailey Baldwin дуучин Justin Bieber-тэй гэрлэхээсээ өмнө Belieber буюу дуучин залуугийн шүтэн бишрэгч нь байсан гэдэг. Тэд 2009 онд NBC сувгийн "Today" нэвтрүүлгийн үеэр анх уулзаж байсан бөгөөд 2011 онд Justin-ий "Justin Bieber: Never Say Never" киноны нээлтэн дээр хамт зургаа авахуулсан байдаг. Загвар өмсөгч Hailey 2019 онд "Vogue" сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа: 

- "Би гэхдээ яг ч Justin-ий улаан фэн нь байгаагүй ээ. Би түүнийг зүгээр л хөөрхөн гэж боддог байснаас биш орилж хашхиртлаа сэтгэл алдарч байгаагүй. Угаасаа тухайн үед бүгд л түүнийг шохоорхдог байсан шүү дээ" гэж хэлж байжээ. 

5. LIAM PAYNE БОЛОН CHERYL COLE

One Direction нь "The X Factor" нэвтрүүлгээс төрөн гарсан хамтлаг билээ. Liam Payne дөнгөж 14 настайдаа буюу 2008 онд тус шоунд оролцож байсан бөгөөд тухайн үед дуучин Cheryl Cole нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж таарсан юм. Liam 2017 онд "The Sun" сонинд өгсөн ярилцлагадаа: 

- "Би үргэлж түүнийг шохоорхдог байсан" гэж хэлж байжээ.

Тэд 2016 онд болзож эхэлсэн ба дараа жил нь хүүтэй болсон ч мөн л жилийн дараа хоёр тийш болцгоосон билээ. 

6. HALSEY БОЛОН EVAN PETERS

Жүжигчин Evan Peters-ийг "American Horror Story" цувралаас харчихаад сэтгэл алдраагүй эмэгтэй ховор болов уу. Тэгвэл дуучин Halsey ч тэдний нэг ажээ. Тэрээр хэдэн жилийн өмнө Твиттер хуудсандаа: 

- "Evan Peters намайг энэ их аллага, сэтгэцийн асуудлуудаараа өөртөө татахаа болих хэрэгтэй байна /American Horror Story киноны дүрийнх нь талаар ярьж байна/", "Evan Peters-ийг надтай болзохыг албан ёсоор гуйж байна" гэж бичиж байжээ. 

Өнгөрсөн жил болзож эхэлсэн хосууд энэ оны хоёрдугаар сард хоёр тийш болсон юм. 

7. ARIANA GRANDE БОЛОН PETE DAVIDSON

Дуучин Ariana Grande 2016 онд NBC сувгийн "Saturday Night Live" нэвтрүүлгийг хөтлөх үеэрээ комедиан Pete Davidson-ийг анх харж байжээ. Ингээд анхны харцаар л дурласан гэдэг. 

Тэд 2018 онд болзож, сүй тавьсан ч удалгүй хоёр тийш болсон билээ. 

8. CODY SIMPSON БОЛОН MILEY CYRUS

Австрали гаралтай дуучин Cody Simpson 2012 онд "Fuse" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би Miley-гийн бүх дууны үгийг мэднэ. Гэхдээ би үүнээсээ ичдэггүй. Би бол түүний жинхэнэ фэн. Миний хувьд Miley "Disney"-ийн жүжигчдээс хамгийн дажгүй нь" гэж хэлж байжээ. 

Ингээд тэд олон жилийн турш нөхөрлөсний дараа 2019 онд болзож эхэлсэн юм. Дуучин залуу маань өнгөрсөн жил найз бүсгүйдээ зориулан "Golden Thing" хэмээх дуу гаргасан ч тэд энэ жил хоёр тийш болсон юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.134.18)