Алтанбулаг боомтоор хоногт ачаа тээврийн 25-40 автомашин орж ирж байна

 Манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өнгөрсөн хоёрдугаар сараас хойш  Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаадаас нийт 20 315 иргэнийг татан авчээ. Үүнээс 67 удаагийн захиалгат нислэгээр 13 857 иргэнийг, явганаар буюу хилийн боомтуудаар 6458 иргэнээ татан авсан дүн гарсан байна. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомт дахь үйл ажиллагаа, цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллаж буй талаар Хилийн цэргийн 101 дүгээр ангийн Штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргалтай ярилцлаа.

-Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед Алтанбулаг боомт хэрхэн ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийг хялбаршуулсан журмаар хил хамгаалах байгууллага зохион байгуулж байна.

Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх үед хилийн хяналтын байгууллагууд буюу үүнд хил хамгаалах, гаалийн байгууллага, хилийн мэргэжлийн хяналтын алба, авто тээврийн газар гэсэн байгууллагууд хяналт шалгалтын бүсэд ажиллаж байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед Алтанбулаг хилийн боомтыг гурван бүсэд хуваасан. Хяналт шалгалтын улаан буюу халдвартай бүс нь улаан туузтай. Халдваргүйтгэлийн дараагийн зэргийн шар бүсэд алба хаагч хувцас хэрэгслээ солих, халдваргүйтгэл хийнэ. Ногоон бүс буюу халдваргүй гэсэн гурван хэсэгт хуваан хяналт шалгалтыг явуулж байна.

 

-Хоногт дунджаар хэчнээн тооны олон улсын ачаа тээврийн машин орж, гарч байна вэ?

-Хоногт дунджаар, одоогийн байдлаар олон улсын ачаа тээврийн 25-40 автомашин орж ирж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг гадаадаас татан авах ажиллагааг 2 дугаар сарын 27-ноос хойш нийт 14 удаа зохион байгууллаа. Үүнд, нийт 2250, ОХУ-д сурч байсан болон амьдарч байсан мөн бусад орноор дамжин ирж байгаа иргэдийг татан авсан. Хамгийн сүүлийн татан авалтыг 2020 оны 8 дугаар сарын 7-10-нд зохион байгуулсан.

Олон улсын ачаа тээврийн авто машиныг шалган нэвтрүүлэх үед одоогийн байдлаар ямар нэгэн хүндрэлтэй асуудалгүй. Хилийн хяналтын байгууллагууд хамтран үзлэг шалгалт явуулж байна. Хоногийн хугацаанд шалган нэвтрүүлсэн 25-40 авто тээврийг Алтанбулаг хилийн боомтод барилгын өргөтгөлийн ажил хийж байгаатай холбогдуулан Алтанбулагийн чөлөөт бүсийн хашааруу хяналт шалгалтын бүсийг шилжүүлсэн. Шилжүүлсэн хоногийн хугацаанд өглөө шалгаад дууссан тээврийн хэрэгслийг цагдаагийн хамгаалалтад гаргаж байгаа. Үүнд цагдаагийн байгууллага тухайн авто машиныг урд нь гуперлэн, ард нь хамгаалалттай Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт гүний гаалиас хүрэх газарт нь хүргэж байгаа. Мөн олон улсын ачаа тээврийн жолооч нараас ямар нэгэн сэжиг бүхий болон халуурсан тохиолдолд нэн яаралтай хилийн мэргэжлийн хяналтын албаныхан аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгч байгаа.

Эрүүл мэндийн газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрээр аймагт эсвэл Дархан-Уул аймгийн ХӨСҮТ-д тусгаарлаж байна.

 

-Жолоочоос коронавирус илэрсэн тохиолдол хэр бүртгэгдсэн бэ?

-Ногоон бүсэд орсон 10 гаруй жолоочоос шинэ төрлийн коронавирус илэрсэн. Үүнд, хилийн хяналтын байгууллагууд хамтран халдварын аюулт вирусийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахгүйн төлөө өндөр сонор сэрэмжтэй ажиллаж байна.

Өглөө 9 цагаас орой 19 цагийн хооронд ОХУ-ын талаас авто тээврийн хэрэгслүүд орж ирж байгаа. Өдрийн цагаар орж ирсэн дунджаар 25-40 тээврийн хэрэгслийг хяналт шалгалтын улаан бүсэд байрлуулаад хилийн мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллага, гаалийн байгууллагууд шалган орой 19 цагт Дархан-Уул аймгийн салбар лабораториос эмч нар ирж өдөр орж ирсэн жолооч нараас шинжилгээ авч байгаа.

Сорьцоо аваад Дархан-Уул аймагт очоод шөнийн цагаар 25-30 тээврийн хэрэгслийн жолоочийн сорьцод шинжилгээ хийн, өглөө 9 цаг гэхэд эргэж ирээд жолоочоос ямар нэгэн вирус илэрсэнгүй, сөрөг байна гэсэн хариуг үндэслэн хилийн мэргэжлийн байгууллагууд хамтарч улаан бүсээс гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Гаргасны дараа цагдаагийн хамгаалалтад хүлээлгэн өгч байгаа.

 

-Монгол болон ОХУ-аас гадна ямар ямар орны транзит тээвэр хилээр нэвтэрч байна вэ?

-Монгол Улсын иргэдээс гадна Беларусь, Гүрж олон улсын жолооч нар байна. Мөн Олон улсын транзит ачаа тээвэр, гэрээ хэлэлцээнийхээ дагуу явж байгаа ачаа тээвэр хилээр нэвтэрч байгаа.

-Ачааны тэрэгнээс өөр ямарч хөдөлгөөн нэвтрүүлэхгүй гэж ойлгож болох уу. ОХУ-ын талаасаа ч Монголын талаасаа ямар нэгэн, нийтээр нь зохион байгуулж гаргахаас бусдаар?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоол бий. Үүнд Монгол Улсын хилээр дипломат ажилчид, ОХУ болон Монгол Улсад суугаа хоёр орны консулын ажилтнууд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хил нэвтэрч байгаа.

Мөн төмөр замын ажилчид нэвтэрч болно. ОХУ болон Монгол Улсын иргэдтэй гэр бүл болсон албан ёсны гэрлэлтийн баталгаатай иргэд, ОХУ, Монгол Улсад байнга оршин суудаг хүмүүсийг Улсын онцгой комиссын шийдвэрээр нэвтрүүлж байгаа.

 

-Тэгвэл ачаа тээврийн жолооч нараас гадна Улсын онцгой коммиссын шийдвэрийн дагуу хил нэвтэрсэн иргэд хэр их байгаа вэ?

-Тийм тохиолдол маш цөөхөн. 2020 оны 2 дугаар сарын 27-ноос хойш нийт 40 гаруй иргэн нэвтэрсэн судалгаа бий.

 

-Одоо таван машин энд байгаа гэж та хэлсэн дээ. Хүмүүс нь тусгаарлагдсан. Эдгээр машин тэднийх гэсэн үг үү ?

-Хилийн хяналт шалгалтын улаан бүсэд одоогоор таван машин байна. Эдгээр машиныг 8 дугаар сарын 7-10-нд Улсын онцгой комиссын шийдвэрээр татах ажиллагаа зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд тээврийн хэрэгсэлтэйгээ орж ирсэн иргэдийн машиныг энд хамгаалалтад үлдээгээд иргэдийг тусгаарласан. Иргэд 21 хоногийн тусгаарлалт, гэрийн 14 хоногийн ажиглалт дуусах үед ирээд машинаа хүлээж авна.

-Хилийн боомод үүрэг гүйцэтгэж байгаа гурван байгууллагын алба хаагчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Хяналт шалгалтын улаан бүсэд ажиллаж байгаа хилийн хяналтын байгууллагын алба хаагчид мөн шаардлагатай тохиолдолд гадаадын иргэдийн виз бүртгэлийн асуудлаар гадаад хэргийн харьяа байцаагч ирнэ. Хүн нэг бүрийн халдвараас хамгаалах хувцас иж бүрдэл бүрэн байгаа. Хамгаалах хэрэгслийг Улсын онцгой комисс болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр мэргэжлийн байгууллагуудад тухай үед нь хангаж байгаа. Одоогоор ямар нэгэн хувцас хэрэгсэл дутсан, гачигдсан зүйлгүй. Хувцас хэрэгслээ иж бүрэн өмсөөд хилийн мэргэжлийн хяналтын алба хаагчийн хяналтан дор улаан бүс рүү орно. Гарахдаа хилийн мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналтын дагуу хувцас хэрэгслээ дүрмийн дагуу шар бүсэд тайлна. Ингээд хувцас хэрэгсэл, гар зэрэг бүх зүйлсээ ариутгаад ногоон бүс рүү шилжинэ. Үүнд нэн түрүүнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб болон аймгийн Шуурхай штабаас алба хаагчдын аюулгүй байдлыг маш сайн анхаарч байгаа.

-Тэгвэл халдварын бүсэд ажиллаж буй хүмүүсээр дамжин аливаа эрсдэл гарахгүй гэж ойлгож болох уу?

-Тийм.   

-Хүндрэл бэрхшээлтэй асуудал юу байна вэ ?

-Одоогийн байдлаар олон улсын ачаа тээврийг шалган нэвтрүүлэхэд ямар нэг асуудал алга. Цаашид өвлийн улирал эхэлнэ. Дархан, Сэлэнгийн зам эвдрэлтэй байгаа энэ үед ачаа тээврийг хэрхэн зохион байгуулах талаар Улсын онцгой комисс бодлого боловсруулж байгаа байх. Саяхан судалгааны баг ирээд явсан. Тухайн үед яаж зохион байгуулахыг дээд газраас гаргасан тушаалаар шийднэ.

-Өвөл нөхцөл байдал хүндрэх байх. Хэрвээ үргэлжилсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Бид Алтанбулаг хилийн боомт дээрээ олон улсын ачаа тээврийн машиныг шалгаж зохион байгуулалттай оруулахад асуудал алга. Хилийн хяналтын байгууллагууд албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж байгаа. Чухам боомтоос гараад явахад цаашаа юу ч болж болзошгүй хэмээн Улсын онцгой комисс үзэж, ачаа яаж буулгах вэ гэдэг дээр судалгаа хийж байгаа.

 Ш.Мөнхбаяр

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.252.194)