ЭМГЭНЭЛ: Гавьяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг таалал төгсчээ

ЭМГЭНЭЛ

Жамсрангийн СҮХХУЯГ

(1959-2020)

Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг хүнд өвчний улмаас 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр таалал төгсч, соёл урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.

Ж.Сүххуяг 1959 онд Улаанбаатар хотод төрж, 1968-1978 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1978-1982 онд Улсын Багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцан жүжигчин мэргэжлийг эзэмшсэн бөгөөд 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн дээд сургуулийг дүүргэжээ.

Тэрбээр 1982 оноос Улсын хүүхэд залуучуудын театрт 11 жил, Улсын драмын театр, Орчин үеийн театр, Монгол кино үйлдвэрт тус тус 23 жил жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж байлаа. Энэ хугацаанд 1983 онд “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагин, 1988 онд Д.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийн Амаржаргал, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрээр Монголын урлагийн ажилчдын холбоо, Соёлын яамны шилдэг дүрийн шагналыг 3 удаа хүртэж байв.

Түүний бүтээсэн “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, “Ацаг шүдний зөрүү” киноны Ананд-Очир, “Цагаан дуганы гэгээ” киноны Дилав хутагт Жамсранжав, “Хүн чулууны нулимс” киноны Элдэв, “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, “Давааны цаана даваа” киноны Жаргал, “Тань руу нүүж явна” киноны Очир зэрэг дүрүүд нь үзэгч түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

Ж.Сүххуягийн авьяас чадвар, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цолоор тус тус шагнажээ.

Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт жүжигчин Эрхэм таны эх орондоо хайртай, хүнлэг эрхэм чанар, ард түмнийхээ сэтгэлд хоногшсон олон сайхан дүр нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.

 

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,

Ж.МӨНХБАТ, Ц.МӨНХ-ОРГИЛ, Ц.МӨНХЦЭЦЭГ, Д.ЦОГТБААТАР,

С.ЧУЛУУН, Р.ДАГВА, Ж.БАТБАЯСГАЛАН

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.186.56)