Г.Тайванжаргал: Залуус их хотын түгжрэл дунд бус сумандаа сайхан амьдрахыг илүүд үзэж байна

Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу, та. Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Та бүхэндээ намрын дунд сарын билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

-Та 2012 оноос Батноров сумын Засаг даргаар сонгогдон ажилласан. Энэ үед ажлаа юунаас эхэлсэн бэ?

-2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд ажлаа хүлээж авахад долоохон сарын дараа Батноров сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн том ажил хүлээж байсан. Энэ үед тухайн үеийн удирдлагуудтайгаа уулзаж “Сумын хэтийн бодлогын бичиг баримт байна уу” гэж асуухад манай сум бодлогын бичиг баримт байхгүй, дөрөв дөрвөн жилд намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг хэмжээнд явж ирсэн байсан.

Тиймээс нэн тэргүүнд төрөлх сумаа 2013-2025 он хүртэл хөгжүүлэх нийгэм эдийн засгийн мастер төлөвлөгөөг ард иргэдийнхээ оролцоотойгоор “Мэрси кор” олон улсын байгууллагынхантай хамтран боловсруулж, ИТХ-аараа батлуулсан. Тэр үед нутгийн зон олон маань “Хэзээний 2025 он бэ” гэж асууж байсан нь өнөөдрийн энэ цаг үеэс харахад тус төлөвлөгөөнийхөө гуравны хоёр буюу дунд хугацааны төлөвлөгөөгөө амжилттай, бүрэн дүүрэн хэрэгжүүллээ.

Мөн ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулан “Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г “Вектор мэп” байгууллагатай хамтран гүйцэтгэж, ИТХ-аараа батлуулсныг нутгийн ард иргэд талархан дэмжснээр хөгжлийн нэг шат руу бид ахиж чадсан. Үүнээс гадна сумын төвийн дахин төлөвлөлтийг шинжлэх ухаанч алсын хараатай, хэтийн төлөвлөлттэйгээр хийхийн тулд ард иргэд болон манай сумтай хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг судлан нягталж, иргэдийн оролцоо, хүсэл санаачилгад тулгуурлан Хот төлөвлөлтийн хүрээлэнгээр хийж гүйцэтгүүлсэн юм.  Үүнийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал баталсан нь Батноровчууд хөгжлийн гол гарцаа иргэдийн оролцоотой шийдсэн томоохон алхам гэж хэлж болно. 

-Таны хувьд 2013 оноос хойш 8 жилийн хугацаанд Засаг даргаар ажиллахдаа олон олон онцлох ажил, бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэлээ. Бахархмаар олон ажлыг баг хамт олноороо хийж гүйцэтгэсэнд тань баяр хүргэх нь зүйтэй байх?

-Тэгэлгүй яахав. Аливаа ажлыг суурь судалгаа, нарийн төлөвлөлтийн үр дүнд гар сэтгэл нийлсэн сайн баг хамт олны хүчээр даван туулдаг. Орон нутгийн бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хувь хүнийхээ менежментээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, ард иргэдээ ажлын байртай, өрх бүрт орлоготой зөв хандлагыг төлөвшүүлж хамтарч ажилласандаа баяртай байдаг. Үүнээс дурдвал, байгаль орчны чиглэлээр НҮБ-ын Улз голын дасан зохицох төсөл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад англи хэл, зан чанарын сургалт, хөдөө аж ахуйн ажилтнууд болон малчдад мал эмнэлгийн сургалт, зөвлөмж, зөвлөгөө, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллага, Японы “Өвсний үндэс” хөтөлбөр, “Жайка” төсөл, бэлчээр менежментийн чиглэлээр Германы “Мэр стоп” төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл зэргүүдийг дурдаж болно. 

Өнгөрч буй найман жилийн хугацаанд ажиллахдаа өөрийн төрөлх сумаа бусад сум, аймаг, улсын дайтай хөгжүүлэхийг зорьж ажилласан. Хөдөө орон нутаг гэхээрээ л хүн ард нь соёлоос хоцрогдсон, амжиргааны түвшин нь буурай, хөгжил дэвшил нь дорой сум байлгахыг хүсээгүй. Залуу хүн учраас илүү хурдтайгаар, бусдаас амжиж сэтгэж, боломжийг атгаж бас бий болгож ажиллахыг хичээсэн учраас сум маань ямар ч хүн ирсэн цэвэр цэмцгэр, иргэд нь соёлтой, боловсролтой, залуу боловсон хүчинтэй, хөгжил рүү ахисан, дэвшсэн, бүтээн боссон, ажил бүтээл ундарсан аймгийнхаа тэргүүний сумдын нэг гэж нүүр бардам хэлэх байна. Ер нь сүүлийн жилүүдэд залуучууд маань төрөлх сумандаа ирж ажиллаж байна. Энэ нь хөгжлийн дохио ч байж мэдэх юм.

Төрийн байгууллагуудад ажиллаж байгаа ажилтнуудын тэн хагас нь дандаа өсөж яваа залуучууд байгааг та бүхэн мэдэж байгаа. Сум маань хөгжилрүү алхам алхмаар ахиж буй учраас залуус маань их хотын түгжрэл дунд биш нутагтаа, амар тайван ажиллахыг илүүд үзэх болсон.

-Олон улсын байгууллагуудтай хамтарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлсэн бэ?

-1990-ээд оноос хамтын ажиллагаатай байсан ОХУ-ын Чита мужийн Цагаанчулуут сумтайгаа харилцаагаа сэргээж, хамтран ажиллах гарын үсэг зурсан. Турк улстай боловсролын чиглэлээр хамтарч Батноров сумаасаа малчны хүүхдийг сургасан.

Мөн Өвөрмонголын Сөнөд хошуу, Шилийн гол аймаг, Авга хошуутай хамтарч хөдөө аж ахуй, монголын уламжлалт өв соёл, малчдын туршлага судлах чиглэлээр хамтарч ажиллалаа. Уул уурхайн чиглэлээр Испани, ОХУ, БНХАУ зэрэг улсын компаниудтай хамтран ажиллаж байна. Цаашид гадаад харилцаагаа бусад салбарт улам өргөжүүлэхээр зорьж байна.

-Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд тавхан сумыг жишиг сумаар сонгож, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Таван сумын нэг нь Батноров сум. Энэ хүрээнд олон ажлууд өрнөж байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-2020 онд Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Монгол Улсын сайд Дарьзавын Лосолын мэндэлсний 130 жилийн тохиож байгаа. Энэ түүхт ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд асан Ё.Баатарбилэг нарт энэ асуудлыг дэвшүүлж танилцуулсны үр дүнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Сумын төвийн шинэчлэл” төсөл манай суманд амжилттай хэрэгжиж байна. Үүнд, Нутгийн удирдлагын ордон, Цэвэрлэх байгууламж, сумын төв доторх хатуу хучилттай зам, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Д.Лосолын нэрэмжит ЕБС-ийн 320 хүүхдийн цогцолбор сургууль / урлаг, спорт заал, цайны газартай/ баригдаж 2021 онд ашиглалтад орохоор ажиллаж байна.  

-Ер нь ирэх он жилүүдэд Батноров суманд маань ямар, ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ?

-2013-2025 он хүртэл хөгжүүлэх Нийгэм эдийн засгийн мастер төлөвлөгөөний сүүлийн төлөвлөлтүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд, Эрүүл мэндийн төвийн 16 өрөө бүхий, хоёр давхар өргөтгөл, Соёлын төвийн иж бүрэн дотор засвар, 200 хүүхдийн цэцэрлэг, ахмадын байр, “Залуус” хаус хороолол, сумын төв доторх хатуу хучилттай замын үргэлжлэл, Бэрх-Батноровын 35 км-ын хатуу хучилттай зам, Анд нөхөрлөлийн өргөө рүү мөн хатуу хучилттай зам зэрэг бүтээн байгуулалтуудыг Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдийнхээ хамтын хүчээр гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Үүнээс гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хөдөө аж ахуйн гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүний цех, жижиг үйлдвэр, арьс ширийг хагас боловсруулах үйлдвэр, орчин үеийн шаардпага стандартад нийцсэн цахилгаан нядалгааны цехтэй болохоос гадна байгаль экологийн чиглэлээр сумандаа мод үржүүлгийн нэгдсэн талбайтай болох гэх мэт ажлуудыг хийж, аялал жуулчлалын жишиг сум болж, Батноров сумаа Төрийн дээд “Алтангадас” одонт “Улсын тэргүүний сум” болох томоохон зорилтуудыг тавин ажиллах болно.

-Таны хувьд Батноров сумын Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүний хувьд өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Сумын Засаг даргын хувьд сум хөгжүүлэх санг хариуцаж ажилладаг. Нутаг орондоо нутгийн брэндийг бий болгож, хөдөлмөрлөж байгаа хувь хүмүүс, бүлгүүдийг тууштай бодлогоор дэмжиж ирлээ. Энэ хүрээнд 2018 оныг сумын ИТХ-аас “Өв соёл, аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлаж, тус ажлын хүрээнд “Аялал жуулчлалд-Батноровчуудын оролцоо” зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарсан санал санаачилгуудыг бодлогын хүрээнд дэмжсэнээр орон нутагтаа бүх төрлийн хэвлэл, бэлэг дурсгал, зочдод бэлэглэх “Анд нөхөрлөлийн багц” цагаан идээний брэнд бүтээгдэхүүнтэй болж чадлаа. Чингис хотод жил бүр зохион байгуулагддаг “Намрын баяр”, “Цагаан сар ба цагаан идээ” үзэсгэлэн худалдаанд тогтмол амжилттай оролцож, тэргүүн байруудыг эзэлж байна. Үүнээс гадна орон нутгийн хөрсөнд байгаль экологийн цэвэр бүтээгдэхүүн тариалж буй ногоочиддоо зориулж Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудаас дэмжсэний үр дүнд Батноровчууд бид Ховдын тарвасыг нутагтаа нутагшууллаа. Жил бүрийн арванхоёрдугаар сард Баялаг бүтээгчдийн шинэ жилээ зохион байгуулж, “Шилдэг бүтээгдэхүүн”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг үйлдвэрлэгч”, “Шилдэг бүлэг”, “Шилдэг татвар төлөгч” гэх мэт төрлөөр баялаг бүтээгчдийнхээ шилдгүүдийг жил бүр шалгаруулж байна.

-Улсын шилдэг салбар холбоо “Норовын хүлэг” уяачдын холбоог та тэргүүлдэг. Холбооныхоо ойрын үед хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулна уу?

-Анх 1997 онд Сумын засаг дарга Д.Дамдин дарга тэргүүтэй нутгийн алдарт уяачид, моринд сэтгэлтэй олон хүмүүсийн санаачилгаар “Норовын хүлэг” уяачдын холбоо байгуулагдаж байсан түүхтэй. 2017 онд холбооныхоо 20 жилийн ойг тохиолдуулан “Гурван түмэн адуу”-ныхаа баярыг хийж, малчид, уяачид, дархчуудынхаа тамгыг цагаан эсгийн дээр дарж алдаршуулан Ардын гар урлалын цогцолбор хөшөөг Бүрдэн толгой дээрээ байгуулсан. “Норовын хүлэг” уяачдын холбооныхоо тэргүүнээр ажиллах хугацаандаа уяачдынхаа хөдөлмөр зүтгэлийг улс, аймаг, суманд нь үнэлүүлж, Сумын алдарт уяач, Сумын аварга малчин, аймгийн аварга малчин, Алтан унаганы эзэн, Алтан хурганы эзэн, Монгол Улсын аварга малчин, Төрийн дээд “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ХХАА-н яамны Тэргүүний ажилтан, Жуух бичгүүдээр шагнуулж, олон уяачдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлүүллээ.

Манай холбоо нь долоон багтаа уяачдын галыг үүсгэн байгуулснаараа Монголын ёс заншил, өв соёл, хурдан морины уралдааныг зохион байгуулах чиглэлээр чамгүй их ажлыг хийж ирсэн. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд шинэ жилээ зохион байгуулж, “Норовын хүлэг” уяачдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр “Оны шилдэг уяач”, “Шилдэг залуу уяач”, “Шилдэг уралдаанч хүүхэд”, “Шилдэг морины зүтгэлтэн”, “Шилдэг хүлэг”, “Шилдэг гал”-ыг шалгаруулж алдаршуулж байна.

Бид цаашид Монголын морин спорт уяачдын холбооны дүрэм журмын дагуу ойрын үед 7-р зөвлөгөөнийг зохион байгуулж, дүрэм журмаа  өөрчлөхөөр төлөвлөж байна.   

-Та багш хүний хувьд өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт хэр анхаарал хандуулж ажилласан бэ?

-Сумын Засаг даргаар ажиллах хугацаанд сургуулийн 90 жил, цэцэрлэгийн 50 жилийн ойнууд болж тус салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, ахмад багш ажилтнуудынхаа хөдөлмөр, зүтгэлийг нь төрд нь уламжилж, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнууллаа.

2019 оныг сумын ИТХ-аас “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдэж, оны шилдэг сургууль, цэцэрлэгийн багш нараа зөөврийн компьютерооро шагнаж, Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан багш сурагчдыг тус бүр 500 мянган төгрөгөөр уламжлал болгон шагнаж ирлээ. Сум орон нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэхэд шаардлагатай байгаа багш мэргэжилтнүүдийг бэлтгэхэд зориулж, найман оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг өгч ажиллалаа. 

-Сонгуулийн ажилд тань амжилт хүсье. Иртэй, бяртай танай багийг дахин сонгож, итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэж байна.

-Баярлалаа. Холч ухаант Батноровчууд минь тожил хийц шигээ ур ухаанаа зангидаж, бахархал болсон төрөлх нутгийнхаа төлөө сэтгэлээ чилээж, эрхэт тэнгэрийн дор зорилгоо нэгтгэн энэ цагийг итгэлээр түүчээлэн хойчийн шинэ хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Батноров сум маань өнө мөнхөд цэцэглэн хөгжиж, ард олон минь эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.  

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.108)