Номын сангийн фондоо 100 сая төгрөгийн номоор баяжуулжээ

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 40 жилийн ой тохиож байна.

Тус номын сан ойгоо угтан баримтат кино бүтээж, онол, практикийн бага хурал зохион байгуулан, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэв. Баярын ёслолыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Улс орны хөгжлийн чухал суурь нь оюуны болон сэтгэлгээний хөгжил байдаг тул соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалтыг нэмнэ” гэдгээ дуулгасан. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра “Хэдийгээр цар тахлаас үүдсэн хорио цээрийн дэглэмд олныг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулахгүй байгаа  ч 40 жилийн ойн баяраа угтан фондоо 100 сая төгрөгийн номоор баяжууллаа. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчилж, төв болон салбар номын сангийнхаа гадна, дотно өнгө үзэмжийг сайжруулан, 500 сая төгрөгөөр RFID систем нэвтрүүлсэн” хэмээлээ.

Улаанбаатар хотын нийтийн төв номын санг 1980 оны 10 дугаар сарын 8-нд байгуулж, 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр таван салбар номын сантай, 80 ажилтантай болон өргөжжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.236.93)