"Оюутолгой" компани таван төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

   Б.Энхээ

“Оюутолгой” компани нь боловсрол болон  хүний хөгжилд чиглэсэн  олон үйл ажиллагааг явуулдаг билээ.  Тус компаниас зарласан тэтгэлэгт  хөтөлбөрт 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 2600 гаруй оюутан залуус  хамрагджээ.  Тиймээс их, дээд сургуулийн оюутан залуус ес, аравдугаар сард тус компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг чих тавин хүлээдэг. Иймд  2020-2021 оны хичээлийн жилд  оюутнуудад ямар боломжуудыг олгож байгааг дуулгая.    

  “Оюу толгой” компани энэ жил таван төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.  Шинэ хичээлийн жилд  145 оюутан, сурагчдыг эдгээр хөтөлбөртөө  шалгаруулан авах юм байна.  Материал хүлээн авах хугацаа өнгөрсөн  есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэсэн бол  аравдугаар сарын 30-ныг  хүртэл үргэлжлэх аж. Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг товчхон дуулгая.

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр:   Энэ тэтгэлгийг дотоодын их, дээд сургуулийн 2-4 дүгээр  курст уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад өгдөг , бүрэн тэтгэлэг юм.  2011 оноос нийт  315 оюутан энэ  хөтөлбөрт хамрагджээ.  Энэхүү тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрөөр хязгаарлагдахгүй сар бүр амьжиргааны зардал болон хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг мөн нэмэлтээр олгодог юм байна.  Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т давхар хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих боломжтой. Энэ жил 20 оюутан шалгаруулж, тэтгэлэг олгох юм байна.

Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр:  Энэ нь ШУТИС болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр боловсруулж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд зарлагдаж буй тэтгэлэг.  Уг хөтөлбөр нь, уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах, хянах чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой. Энэ хичээлийн жилд 20 оюутан шалгаруулж авахаар төлөвлөжээ.

Шинэ төгсөгчийн хөтөлбөр:  Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа залууст ажлын туршлага хуримтлуулах, салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж ийг олгодог “Рио Тинто” группийн жишиг хөтөлбөр юм.  Тус хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд үргэлжилж, оролцогчдоо тухайн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болоход нь шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгдөг онцлогтой. Энэхүү хөтөлбөр нь  энэ сард зарлагдахаар товлогджээ.

Залуусын хөгжлийн хөтөлбөр:  ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг чадавхжуулах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрт нийтдээ 1,096 гаруй оюутан, сурагчид хамрагдаад байгаа аж.  Хөтөлбөрт хамрагдсан сурагчид найман долоо хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалтад сууж, багаар хамтран төсөл хэрэгжүүлэх юм байна.  Энэ хичээлийн жилд 50 сурагчийг хамруулахаар болжээ.

“Говийн Оюу”оюутны тэтгэлэгт хөтөлбөр : Энэ тэтгэлэг нь Өмнөговь аймгийн оюутан залуусыг дэмжих хөтөлбөр юм.  Энэ жил тус аймгийн харьяа  55 оюутанд тэтгэлэг олгохоос 30 оюутныг шинээр сонгон шалгаруулах юм байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.174.32)