Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа.
Хатагтай Наоми Китахара суурин төлөөлөгчөөр зургаан жил ажиллахдаа Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн хүн амын сангаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хүн амын хөгжил, эмэгтэйчүүд, охид, залуусын эрх, эрүүл мэндийг хамгаалахад бодит дэмжлэг болж байгааг хэлэв.
Эмэгтэйчүүд, өсвөр насныхныг байнга дэмжиж ажилладагт нь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Ерөнхий сайдад талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, өсвөр залуу үеийг чадавхжуулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр амжилт олж байгааг тэмдэглэв. Цаашид Хүн амын сантай нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм.