Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд
Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд үр дүнтэйгээр суралцах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл ухаалаг аргаар суралцвал хичээл хийхэд бага цагийг зарцуулж найзуудтайгаа уулзах, дугуйланд явах, кино үзэх зэрэг бусад зүйлсэд илүү их цагийг зориулах боломжтой болох юм.
1.ИДЭВХТЭЙ БОЛОН ИДЭВХГҮЙ СУРАЛЦАХ
Идэвхгүй суралцах нь хүчин чармайлт бага шаарддаг, хялбар, тухтай арга юм. Жишээлбэл, сэдэв уншаад тухайн сэдэвтэй холбоотой дасгал ажиллах даалгавартай байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд идэвхгүй суралцах гэдэг бол сэдвээ 1-2 удаа уншаад, дасгалаа хийчихээд л орхих явдал.
Энэ маягаар идэвхгүй суралцсаар тухайн хичээлийн улирлын эцсийн шалгалт өгөхөд үзсэн сэдэв бүрээ эхнээс нь судлах хангалттай цаг байхгүй тул хальт гүйлгэж харсан болоод л шалгалтаа өгдөг. Шалгалтын дараа тэдгээр сэдвүүдээ ахин нэг удаа сөхөж харна гэдэг ч юу л бол. Ингээд эцэст нь чамд "тухайн хичээлийг судлах нь судалсан" гэдгээс өөр санах зүйл үлдэхгүй л болов уу.
Идэвхтэй суралцах нь илүү сорилт шаардсан, нэлээд тухгүй боловч хамаагүй үр дүнтэй арга юм. Жишээлбэл, тухайн хичээлийн өдөр нь орсон сэдвийг орой нь давтаж өөрийн үгээр тэмдэглэж авах. Ингээд ч зогсохгүй тухайн тэмдэглэлээ унаагаа хүлээхдээ, унаандаа суугаад явахдаа, хичээл эхлэхээс өмнө сэргээж хараарай. Эцэст нь тэмдэглэлээ харахгүй байсан ч тухайн сэдвийн ерөнхий агуулга болон ойлголтуудыг дуртай жүжигчнийхээ нэрийг санадаг шигээ л санаж байх болно.
Тэгэхээр багш нарын "хичээлээ тухай бүрд нь давтаад яваарай" гэж зөвлөдөг нь учиртай байгаа биз?
Идэвхтэй суралцах нь үндсэн дөрвөн шатнаас бүрдэнэ.
- 1-Р ШАТ ТОДОРХОЙЛОХ
Аливааг том зургаар харах чадвар бидэнд хэзээд хэрэг болдог. Ямарваа нэг текстийг уншиж байхад үг, өгүүлбэр бүрд ач холбогдол өгөх хэрэггүй. Үүний оронд эхнээс нь дуустал уншчихаад хамгийн чухал, гол гэсэн хэсгүүдийг нь тодорхойлж сурах хэрэгтэй.
- 2-Р ШАТ ХУВИРГАХ
Ингээд тухайн текстээс түүж авсан чухал гэсэн мэдээллийг өөрт ойлгомжтой байдлаар "хувирга". Гэхдээ энэ нь тухайн мэдээллээ хуулж аваад ахин дахин унш гэсэн үг биш шүү.
Үүний оронд тухайн мэдээллээ:
- өнгөөр ялган тэмдэглэх
- схемчлэх
- диаграмм, хүснэгтэд оруулах
- даалгавар зохиож өөрийгөө сорих зэрэг туслах аргуудаар боловсруулаарай.
- 3-Р ШАТ ЦЭЭЖЛЭХ
- 4-Р ШАТ ХЭРЭГЛЭХ
Аливааг практик дээр туршиж үзэх нь тухайн мэдээллийг зүгээр л уншиж, хуулж бичсэнээс илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн сэдэвтэй холбоотой асуултад хариулах, даалгавар ажиллах, тест бөглөх гэх мэт сонирхолтой бөгөөд толгой ажиллуулсан байдлаар давтсанаар агуулга нь мэдлэг болон үлдэх юм.
2. СУРАЛЦАХ ОРЧИН
Чиний хувьд хаана хичээлээ хийх илүү тухтай байдаг вэ?
- Гэр, номын сан, анги, кофе шоп зэргээс өөрт хамгийн тохиромжтой, тухтай газрыг сонгоорой.
Ганцаараа хичээллэх дуртай юу, эсвэл найзуудтайгаа хичээллэх дуртай юу?
- Найзуудтайгаа буюу группээр хичээллэх аргын давуу тал нь хамтрагчдынхаа тусламжтайгаар ойлгоход бэрх агуулгыг ойлгож, хугацаа хэмнэх юм. Мөн шинээр сурсан сэдвээ бусадтайгаа хуваалцсанаар найзууддаа туслахын зэрэгцээ өөрийн мэдлэгийг бататгах давуу талтай. Гэхдээ групп нь цөөн буюу 2-3 хүнтэй байвал зохино. Хэт олон хүнтэй хамт хичээллэхэд анхаарал амархан сарнидаг тул үр дүн муутай байдаг шүү дээ.
Харин зарим хүмүүс ганцаараа, эргэн тойронд нь таньж мэддэг хүн байхгүй орчинд хичээллэх сонирхолтой байдаг. Тиймээс өөрт хамгийн тохирсон хувилбарыг сонгоорой.
3. МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛЖ АВАХ
Утас, компьютер ашиглах эсвэл дэвтэртээ тэмдэглэж авах
Техник технологийн хөгжлийн ачаар бид лекцийг компьютер дээрээ шивэх, аль эсвэл багшийн үзүүлж буй slide-ний зургийг авах зэргээр богино хугацаанд тэмдэглэж авах боломжтой болсон. Энэхүү арга зарим хүмүүст үр дүнгээ өгдөг байж болох ч мэдээллийг хүлээн авч боловсруулах, тогтоох хугацаа өгч чаддаггүй сул талтай.
Харин уламжлалт буюу гараар бичиж тэмдэглэх арга нь шивэхтэй харьцуулахад цаг их зарцуулдаг тул энэ хугацаанд бичиж буй зүйлээ тогтоох, багшийн ярианаас хэрэгтэй нэмэлт мэдээллүүдийг цохон тэмдэглэж авах боломжтой.
Ном, сурах бичгээ тодруулагчаар тодруулж, тэр хэсгээ цээжлэх, дэвтэртээ хуулж авах зэрэг нь нийтлэг хэрэглэгддэг арга болов уу. Гэхдээ энэ нь маш идэвхгүй арга барилд тооцогддог. Үүний оронд тухайн мэдээллийг уншиж ойлгоод өөрийн үгээр, өөрт ойлгомжтой байдлаар хураангуйлан бичиж аваарай.
4. МЭДЭЭЛЛИЙГ ТОГТООЖ АВАХ
Мэдээллийг цээжлэх хамгийн үр дүнтэй аргуудаас хуваалцъя. Үүнд:
- Хураангуйлан бичих: Тухайн агуулгын хамгийн чухал буюу түлхүүр үгс, гол санааг өөрийн үгээр хураангуйлан бичих. Нийт гурван хуудас лекц бичсэн байлаа гэж бодоход нэг хуудас орчим болгож хураангуйлснаар эргээд уншихад хялбар, ойлгомжтой байх болно.
- Тодорхой хугацаагаар давтах: Тогтмол цаг буюу өдөрт давтах гэхээс илүүтэйгээр тухайн хичээлийг мартаж эхлэх үед хураангуйлсан тэмдэглэлээ ахин харж давтаж байгаарай.
Мартаж эхэлж байгаа эсэхээ хэрхэн шалгах вэ гэж үү?
- Энэ нь их амархан. Тэмдэглэлээ харалгүйгээр сэдвээ хэн нэгэнд ярьж өгөх юм уу толгойдоо эргэн сана. Эсвэл бүр дэвтэр дээрээ бичиж үз. Санахгүй байвал давтах цаг нь болж ээ гэсэн үг.
Аль нэг амжилттай яваа эрхмийн арга барилыг шууд хуулан авч өөр дээрээ хэрэгжүүлэхээс илүүтэйгээр өөрт тохирсон арга барилаар ажиллах нь илүү үр дүнтэй байдаг шүү. Амжилт хүсье!