“Queen” хамтлагийн домогт од Меркьюри ДОХ туссан гэдгээ нас барахаасаа нэг хоногийн өмнө мэдэгджээ
Алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин, рок хөгжмийн домог Фредди Меркьюригийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино “Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг драм кино”-гоор шалгарсан билээ.
Найруулагч Брайан Сингерийн найруулсан тус киног “Bohemian Rhapsody” буюу хамтлагийн хамгийн алдартай дууны нэрээр нэрлэжээ. Харин киноны гол дүр болох Фредди Меркьюрид жүжигчин Саша Барон Коэнийг тоглуулахаар сонгосон байсан боловч “Queen” хамтлагийн гитарчин Брайан Мэй, бөмбөрчин Рожер Тейлор нартай санал нийлээгүй учир төслийг орхисон байна. Түүний оронд жүжигчин Рами Малек гол дүрийг чадварлаг бүтээж, “драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр тодорч, “Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болсон юм.
Фредди Меркьюри дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг байсан бөгөөд одоо ч хэвээр байгаа билээ. Домогт дуучны жинхэнэ нэрийг Фаррух Булсара гэдэг. Тэрбээр 1946 оны есдүгээр сарын 5-нд Танзани улсын Занзибар арлын Чулуун хотод төржээ. Эцэг Боми нь Англи болон Уэльсийн Дээд шүүхэд мөнгөний нярав хийж, өндөр цалин авдаг байсан учир түүний гэр бүл юугаар ч дутдаггүй байв.
Фаррухыг 5 настай байхад гэр бүл нь Энэтхэгийн Бомбэй /одоогийн Мумбай хот/ руу нүүжээ. Хүүг Энэтхэгийн энэ томоохон хотоос 150 км зайтай оршдог интернэт-сургуульд оруулсан байна. Фаррух өөрийгөө чадварлаг, хичээнгүй суралцагч гэдгээ батлан харуулж, урлаг, спорт сонирхдог байв. Чухам энэ үед тэрбээр хөгжимд дурласан бөгөөд үүнд нь Болливудын дуучин Лата Менгешкар маш их нөлөөлжээ. Хожим нь хүү рок-н-роллд татагдаж, өөрийгөө Фредди гэж нэрлэх болжээ.
Фреддигийн гэр бүл 1959 онд Лондонд шилжин суурьшсаны дараа тэрбээр сургуулиа төгсч, 1965 онд нэр хүндтэй Илинг коллежид элсэн орж, урлаг судлал, дизайны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна. Тэр үед Фреддигийн шүтээнүүд нь Жими Хендрикс, Рудольф Нютыев нар байсан учир тэдний уран бүтээлүүдээр дипломоо хамгаалж байв.
1969 онд Фредди “Ibex” хамтлагт элсэн оржээ. Хожим нь нэрээ сольсон тус хамтлаг удалгүй тарж, “Соур Милк Си” хамтлагт орсон нь 1970 оны эхээр мөн л таржээ. Харин 1970 оны дөрөвдүгээр сард тэрбээр гитарчин Брайан Мэй, бөмбөрчин Рожер Тэйлортэй хамтран “Queen” хамтлагаа байгуулж, хамтлагийг нэрийг Фредди сонгосон байна. Хожим нь хамтлагт бас-гитарчин Жон Дикон нэгдсэн юм. Хамтлагаа бүрдүүлж дууссаны дараа Фредди хамтлагийнхаа сүлд тэмдгийг зуржээ. Тэрбээр Их Британийн сүлдэн дээр хамтлагийнхаа гишүүдийн ордуудын тэмдгийг буюу хоёр арслан, охин болон мэлхийн ордын тэмдгийг нэмж дүрсэлсэн байна.
“Queen”-ий бүх үзэл баримтлалыг тодорхойлоход Фредди гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр уянгын баллад дуу “Love Of My Life” /1975/, дахин давтагдашгүй “Bohemian Rhapsody”, мөн спортын хөгжөөн дэмжигчдийн сүлд дуу болсон “We Are The Champions” /1977/ зэрэг хамтлагийнхаа ихэнх дууны зохиогчийн эрхийг эзэмшдэг.
1972 онд Фредди өөртөө өгсөн нэрэндээ Меркьюри гэдэг овгийг нэмсэн байна.
Рок тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд өндөр чанартай тавьж, нэг чиглэлээр уран бүтээл туурвихаас зайлсхийн рок хөгжмийн бүх урсгалаар дуугаа зохиож байсан нь сонсогчдын талархлыг хүлээж, олон хүн тэднийг “The Beatles”-тэй харьцуулж байлаа.
1985 оны долдугаар сарын 13-ны өдөр Меркьюри болон «Queen» хамтлагийн хувьд хөгжмийн карьерынхаа хамгийн оргилд хүрсэн гэж хэлж болно. Хамтлаг "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болсон том шоунд оролцсон юм. Энэ шоунд «Queen»-ээс гадна, Элтон Жон, Пол Маккартни, Дэвид Боу, Стинг зэрэг олон од оролцсон боловч чухам Меркьюригийн тоглолтыг хөтөлбөрийн гол шигтгээ бөгөөд гол тоглолт байсан гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. 75 мянган үзэгч «Queen» хамтлагийн дууг нэгэн зэрэг даган дуулж, бүжиглэж байв. Чухам энэ тоглолтын дараа Фредди рок хөгжмийн домог болсон билээ.
Меркьюригийн хувьд тайзнаа жүжигчилсэн тоглолт гаргаж чаддаг гэдгээрээ мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авдаг байв. Тэрбээр есөн настайгаасаа эхлэн төгөлдөр хуур тогложээ. Харин Лондон хотноо ирж, гитар тоглож сурсан байна. 1985 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ туурвиж, “Mr. Bad Guy” /1985/, “Barcelona” /1988/ цомгоо гаргажээ.
Фредди 1970 оны эхээр хамтлагийн гитарчин Брайан Мэйн танилцуулсан Мэри Остинтэй удаан хугацаанд хамт амьдарчээ. Долоон жил өнгөрсний дараа Меркьюри бисексуаль бэлгийн чиг хандлагатай гэдэг үнэнээ хүлээсний дараа тэд салсан байна. Гэвч тэд амьдралынхаа туршид дотны найзууд байсан юм. Мэри бол Фреддигийн хувьд гэр бүлийн нэг хэсэг байв. Чухам Мэри түүнийг өвчинтэйгөө тэмцэж байсан амаргүй үед эцэг эхэд нь аймшигт мэдээг дуулгажээ.
Фредди 1985 оноос үсчин Жим Хаттонтой хамтран амьдрах болж, тэдний харилцаа амьдралийнх нь эцсийн мөч хүртэл үргэлжилжээ. Хаттон амьдралынх нь сүүлийн мөчүүдэд Меркьюриг асарч байсан бөгөөд нас нөгчсөнийх нь дараа “Меркьюри ба би” номоо бичсэн байна.
Түүнийг ХДХВ-ийн халдвар авсан гэх цуу яриа анх 1986 онд таржээ. Хамтлагийн гишүүд энэ яриаг няцаасаар байсан боловч Меркьюри ДОХ туссан гэдгээ нас барахаасаа нэг хоногийн өмнө албан ёсоор мэдэгдсэн байна. Эдгэршгүй өвчинтэйгөө Мерькюри таван жил тэмцжээ.
Фредди 1991 оны 11 дүгээр сарын 24-нд 45 насандаа ДОХ өвчнөөс үүдэлтэй уушгины идээт үрэвслээр нас барсан байна.
Меркьюригийн цогцсыг чандарласан бөгөөд хаана оршуулсныг нь зөвхөн гэр бүл болон Мэри Остин мэддэг байв. Энэ нь түүний хүсэл байжээ. Харин шүтэн бишрэгчид нь Баруун Лондоны Kensal Green оршуулгын газарт түүнийг нутаглуулсан газрыг олсон гэж The Daily Mirror сонин 2013 оны эхээр мэдээлжээ.
Меркьюри дөрвөн илүү шүдтэй байснаас үүдэн шүднүүд нь урагш орсойж ургажээ. Хөгжмийн карьер нь дөнгөж эхэлж байх үед тэрээр энэ гажигаа янзлуулахыг хүссэн боловч дуу хоолойных нь цар хүрээнд нөлөөлнө гэж айсан учир больсон байна.