Хууль ёсны саналыг тоолбол өөрийгөө ялна гэж Д.Трамп үзэж байна

Зөвхөн хууль ёсны саналыг тоолбол ерөнхийлөгчийн сонгуульд би ялсан гэсэн үг хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.

 

“Хууль ёсны саналыг тоолбол би төвөггүйхэн ялна. Хууль ёсны бус саналыг тоолбол тэд бидний сонгуулийг хулгайлахыг оролдож байна гэсэн үг. Томоохон хэвлэл мэдээллүүд, ихээхэн хөрөнгө мөнгө, том технологийн компаниуд сонгуульд хөндлөнгөөс оролцож байгаа хэдий ч би Флорида, Айова, Индиана, Охайо зэрэг олон чухал муж улсад үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа билээ” хэмээн тэрбээр мэдэгджээ.

"Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн явуулсан санал асуулгууд нь нэр нөлөө бүхий бүлгүүдийн сонгуульд жинхэнэ утгаараа хөндлөнгөөс оролцсон явдал юм. Эдгээр санал асуулгууд хуурамч гэдэг нь гарцаагүй. Манай сонгогчдыг гэрт нь байлгах, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд хуурамчаар давуу тал үүсгэх, Бүгд найрамдахчуудын хандив цуглуулах боломжийг нь багасгахын тулд зохиомлоор явуулсан эдгээр санал асуулгыг би хуурамч гэж үзэж байна. Энэ санал асуулгууд нь ирцийг бууруулах зорилготой байсан бөгөөд одоо бүгд үүнийг мэддэг болсон” гэж тэрбээр мөн хэлсэн байна. 

Түүнчлэн шуудангаар санал хураалт явуулах асуудалд санаа зовниж буйгаа өмнө нь нэг бус удаа илэрхийлсэн гэдгээ Д.Трамп сануулан дурджээ. “Энэ тухай би хэдэн сарын туршид ярьсан билээ. Шуудангаар явуулсан саналын хуудсууд гай болно би ярьж байсан. Шуудангаар санал авах арга барил нь АНУ-ын сонгуульд асуудал тарьж байсан удаатай” гэж Д.Трамп хэлсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.29.213)