АНУ-ын шуудангийн алба 150 мянга гаруй саналын хуудсыг хугацаанд нь хүргэж чадаагүй байна
АНУ-ын шуудангийн алба 11 дүгээр сарын 3-нд санал хураалт дуусахаас өмнө шуудангаар илгээсэн 150 мянга гаруй саналын хуудсыг санал авах байруудад хүргэж чадаагүй гэж “The Washington Post” тус байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Эдгээр саналын хуудасны 12 мянга гаруй нь ялагчийн нэр хараахан тодроогүй байгаа таван муж улсынх аж. Хугацаанд нь хүргэж өгөөгүй саналын хуудсуудын тоо үүнээс ч их байж магадгүй гэнэ. 11 дүгээр сарын 3-ны дараа хүргүүлсэн саналын хуудсуудыг тухайн муж улсуудын хууль тогтоомжоос хамаарч тоолно эсвэл хүчингүйд тооцох юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шуудангаар санал авах аргыг сүүлийн саруудад удаа дараа шүүмжилсэн билээ. Энэ арга нь санал хураалтын дүнг үнэн зөв, шуурхай нэгтгэхэд саад болно гэж тэрбээр үзэж байгаа юм. Түүнчлэн саналын хуудсыг их хэмжээгээр луйвардах, хуурамчаар үйлдэх боломжийг олгохоос гадна, сонгуулийг гадны нөлөөнд өртөмтгий болгоно гэж тэрбээр мэдэгдсэн юм.
АНУ-д шуудангийн алба нь холбооны улсын засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг бие даасан агентлаг юм. Сүүлийн 13 жил дараалан төсвөө 80 орчим тэрбум ам.долларын алдагдалтай хэрэгжүүлж ирсэн бөгөөд тус албыг хувьчлах асуудлыг нэг бус удаа хэлэлцэж байжээ.