Нойргүйдэл ЯМАР ШАЛТГААНЫ улмаас бий болдог вэ?
"Сэтгэцийн эрүүл мэнд"
Заримдаа танд нойр хулжиж, шөнийн турш хангалттай унтаж амарч чадаагүйн улмаас олон хоногоор бие сульдах тохиолдол гардаг л биз дээ? Энэ нөхцөл байдал ямар шалтгааны улмаас үүсэж байгааг олж мэдэлгүйгээр өөрийгөө зөнд нь орхих нь асуудлыг улам бүр хүндрүүлдэг байна. Ингээд бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхааран, ямар хүчин зүйлс нойргүйдэлд хүргэдэг талаарх мэдээллийг хүлээн авна уу.
ХҮН ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ УНТАХ ЁСТОЙ ВЭ?
Нойргүйдлийг танин мэдэхийн тулд юун түрүүнд нойр гэж юу болохыг мэдэх шаардлагатай. Нойрсох гэдэг нь хүний бие ухамсрын үйл ажиллагаа явуулахгүйгээр амрах байдалд орох үеийг хэлдэг. Нойрсох үед мэдрэлийн эсүүд цусан хангамж авч, дараагийн ажиллах эрч хүчээ хуримтлуулдаг тул хүч чадал нөхөн сэргээгддэг байна. Мөн энэ үед бие тайвширч, бүх булчингууд сулрах ба тархины долгион сэрүүн байх үеийнхээс илүү удааширдаг аж. Судалгаагаар насанд хүрсэн хүн хоногт дунджаар 7-8 цаг, хүүхэд 9-10 цаг нойрсох шаардлагатай байдаг нь тогтоогдсон.
Нойр хэр чухал вэ гэдгийг дараах жишээнээс харж болох юм. 1965 онд Рэнди Гарднер хэмээх 17 настай сурагч 264 цаг буюу 11 өдрийн турш нойргүй явжээ. Нойргүй хоносны хоёр дахь өдрөөс эхлэн түүний хараа гүйлгэнэж, аливаа биетэд хүрэхэд юу ч мэдрэхээ больж эхэлсэн байна. Гурав дахь хоногоос Гарднерын ааш зан тогтворгүйжин, уур уцаартай болов. Туршилтын сүүлийн өдрүүдэд түүний анхаарал төвлөрөлт муудаж, богино хугацааны ой санамж нь мартагдан, хий юм харж эхэлжээ.
Хэдийгээр туршилтын дараа Гарднер сэтгэл зүйн эсвэл бие махбодын ямар нэгэн асуудалгүй үлдсэн ч нойргүйдэл хүн бүрд харилцан адилгүй үйлчилдэг байна. Өөрөөр хэлбэл нойргүйдэл зарим хүний биед гормоны тэнцвэр алдагдах, өвчин эмгэг тусах, бүр үхэлд хүрэх хэмжээний эрсдэлтэй байдаг.
НОЙРГҮЙДЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Харин нойргүйдэл гэдэг нь ядаргаа, ажлын ачаалал, өвчин эмгэг, бие организмын өөрчлөлт, хөгшрөлт зэргээс гадна сэтгэл санааны хямрал, санаа зовоосон асуудлууд, орчин нөхцөл зэргээс шалтгаалан хэвийн, тайван унтах чадваргүй болох нөхцөл байдал юм.
2014 онд хөл бөмбөгийн нэгэн фанат 48 цагийн турш огт унтаж амрахгүйгээр Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний тоглолт үзсэний улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэдийгээр түүний үхлийн шалтгаан цус харвалт байсан ч үүнд нойргүйдэл нөлөөлсөн байх өндөр магадлалтай юм. Өөрөөр хэлбэл удаан хугацааны турш өдөрт 6-аас бага цаг унтдаг байсан хүний тархинд цус харвах эрсдэл өдөрт тогтмол 7-8 цаг унтаж амардаг хүмүүсийнхтэй харьцуулахад 4.5 дахин их байдгийг судалгаагаар тогтоожээ.
Нойргүйдлийг богино хугацааны болон архаг гэсэн үндсэн хоёр төрөлд авч үздэг.
Богино хугацааны нойргүйдэл нь гурван сараас бага хугацаанд үргэлжилдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хүн нойргүйдлийн шалтгаан болсон сэтгэлийн хямралаа өөрөө даван туулж, шинж тэмдгүүд нь бага багаар алга болдог байна. Хэрэв богино хугацааны нойргүйдэл удаан үргэлжилбэл архаг нойргүйдэл болж хувирах аюултай.
НОЙРГҮЙДЭЛД НӨЛӨӨЛДӨГ ХҮЧИН ЗҮЙЛС БУЮУ НОЙРГҮЙДЛИЙН ШАЛТГААН
Нойргүйдэлд маш олон төрлийн хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд хэд хэдэн хүчин зүйлс хавсарч нөлөөлөх тохиолдолд ч бий. Ингээд нойргүйдэлд юу нөлөөлдгийг танилцуулъя. Үүнд:
1. СТРЕСС
Стресс нь нойргүйдлийн хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд маш олон төрлийн зүйлсээс үүсэж болдог. Тухайлбал, ажлын ачаалал, гэр бүлийн асуудал, мөнгө санхүүгийн байдал, сэтгэл санааны дарамт гэх мэт. Эдгээр асуудлуудаас үүссэн стресс таны оюун ухааныг шөнийн цагаар идэвхтэй байлгадаг учир нойр хулждаг байна.
2. КОФЕИН БОЛОН МАНСУУРУУЛАХ БОДИСУУД
Кофеин болон бусад мансууруулах эм, ургамлуудыг дур мэдэн ихээр хэрэглэх нь нойргүйдэх бас нэгэн шалтгаан болдог. Мөн никотинийг оройн цагаар хэрэглэсэн тохиолдолд бие улам сэргэж, өдөөгддөг тул энэ үеэр тамхи татахгүй байхыг зөвлөе.
3. ОРОЙ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХООЛЛОХ
Та унтахынхаа өмнө хооллодог бол шөнийн цагаар сайтар унтаж амарч чаддаггүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь оройн цагаар хэтэрхий их эсвэл хэтэрхий хүнд хоол идсэнээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа идэвхжиж, шөнийн турш биед тухгүй мэдрэмж төрдөг. Иймд мэргэжилтнүүд унтахаасаа дор хаяж 4-5 өмнө хоолловол шөнийн турш сайтар амарч чаддаг хэмээн зөвлөдөг билээ.
4. ОРЧНЫ ТЕМПЕРАТУР
Хүн унтаа байдалд ороход биеийн температур тодорхой хэмжээгээр буурдаг бөгөөд орчны температур хэт бага бол бие дулаанаа улам алдан, даарч сэрэх магадлалтай. Харин хэт халуун орчинд унтвал агаар дутагдах, тархины даралт ихсэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илрэн нойргүйдэх эрсдэлтэй. Тиймээс орчны температурыг унтахад тохиромжтой температур буюу үл ялиг сэрүүн байлгавал тохиромжтой юм.
5. ДУУ ЧИМЭЭ
Мөн л нойргүйдэлд хүргэдэг түгээмэл шалтгаануудын нэг бол яах аргагүй дуу чимээ. Дуу чимээ ихтэй газар унтах нь нойр хулжааж, шөнө тайван унтаж амрахад хүндрэл учруулдаг.
6. ТУХГҮЙ ОР
Тухгүй орон дээр унтах нь нойргүйдэл үүсэх бас нэгэн шалтгаан юм. Доороос нухдаг, хатуу оргидог, хөлрүүлэх материалтай орон дээр унтахад тухгүй байдаг учир бат бөх унтаж амрахад бэрхшээлтэй байдаг байна.
7. УНТАХЫН ӨМНӨХ БУРУУ ЗУРШЛУУД
Унтахын өмнөх буруу зуршлуудад тогтсон цагт унтахгүй байх, шөнийн цагаар ажиллах, компьютер, телевиз, ухаалаг утас зэрэг өөрөөсөө цэнхэр гэрэл ялгаруулдаг төхөөрөмжүүд олон цагаар ашиглах зэрэг багтдаг.
Мелатонин хэмээх дотоод шүүрэл /даавар/ нь орчны гэрэлтүүлэг буурах үед ихээр ялгарч, булчинг суллаж, тайвшруулах нөлөө үзүүлсэнээр хүн шөнө тайван унтаж, өглөө амархан сэрдэг. Харин унтахын өмнө ухаалаг утас харснаар дэлгэцийн гэрлийн нөлөөгөөр мелантонин хангалттай хэмжээнд ялгардаггүй бөгөөд хүн сайн амарч чаддаггүй аж.
8. БУСАД
Эмийн буруу хэрэглээ, архаг өвчин, бие физиологийн гэмтэл, сэтгэл санааны хямрал, хурц гэрэл, ажил амьдралын дэглэм алдагдах, ээлжийн ажил хийх гэх мэт бусад хүчин зүйлс ч бас нойргүйдэлд нөлөөлдөг бөгөөд хэтэрхий их юм боддог хүмүүс нойргүйдэлд илүү өртөмтгий байдаг нь судалгаагаар тогтоожээ.
Нойргүйдэл нь удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн эмгэгт хүргэж болзошгүй учраас эрүүл мэнддээ анхааран дээрх хүчин зүйлсээс татгалзахыг зөвлөж байна. Бид дараагийн дугаартаа нойргүйдэлд орсноо хэрхэн таньж мэдэх талаар зөвлөгөөг хүргэх болно. Ингээд дараагийн долоо хоногийн пүрэв гараг хүртэл түр баяртай.