ШУУРХАЙ МЭДЭЭ: Тав хоногийн хугацаатай ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоолоо
-Монгол Улс анх удаагаа Бүх нийтийн БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ шилжлээ-
Монгол Улс дотооддоо халдвар алдсантай холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2020.11.11/ Улсын Онцгой комисс болон Засгийн газар дахин хуралдлаа. Улсын Онцгой комисс 20.00 цагаас хуралдсан бол үргэлжлүүлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдсан юм. Дээрх хуралдаануудаас ямар шийдвэр гарсан талаар дөнгөж сая мэдээллээ.
ШУУРХАЙ: 2020.11.11 (23:20 цаг)
Шадар сайд Я.Содбаатар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг хурлын эхэнд мэдэгдэж, “Маргааш өглөө буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Маргааш өглөөнөөс таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм рүү шилжүүлж байна" гэлээ.
Энэ нь Бэлэн байдлын хоёр дахь зэрэглэл рүү орж байна гэсэн үг юм. Үүний дараах эцсийн арга хэмжээ нь Онц байдал зарлах байдаг аж. Энэ бол Монголд анх удаа авч буй арга хэмжээ юм.
Хүнсний бүх үйлдвэр, ШТС, эрчим хүч, дулааны станц, хэвлэл мэдээлэл зэрэгт хязгаарлалт хийхгүй. Бусад бүх үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Энэ хугацаанд иргэд та бүхэн гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Зөвхөн хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авах, худгаас ус авах тохиолдлоос бусдаар гарахгүй байх хэрэгтэй.
Хөл хорионы үеэр төрийн байгууллагуудад цөөхөн тооны шаардлагатай хүмүүс ажиллана. Бусад нь гэрээсээ ажиллана. Хувийн байгууллагууд мөн адил ажилтнууддаа гэрээс ажиллах боломжийг олгох нь чухал.
Одоогоор халдвартай жолоочийн ойрын хавьтлын 73 хүнийг илрүүлээд байгаа ба халдвартай хүнтэй 15 минутаас дээш хугацаанд уулзсан бол ойрын хавьталд ордог байна.
ДЭМБ-ын зөвлөмжөөр хоёр хоногийн дотор ойрын хавьтлуудыг илрүүлж, шинжлэх ёстой байдаг талаар Онцгой комиссын мэдээнд онцлов.