АТГ-аас төрийн 15 байгууллагад авлигын эрсдлийг үнэлэх ажлыг эхлүүлжээ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.5-д Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд “авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх”-ээр заасан.
Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах” үүргийг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллага бүрт оногдуулсан байдаг.
Уг зорилтуудын хүрээнд АТГ-ын Судалгаа шинжилгээний албанааc 2018 оны эхний хагас жилд 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулсан. 2019 оны эхний хагас жилд “Онч шийдэл”, “Статистикийн судалгаа, шинжилгээний хүрээлэн”, “Орон нутгийн хөгжил бодлого судалгааны төв”, “Хүлүгү санаачлага”, “Хэрэглээний социологийн хүрээлэн” зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран дараах төрийн байгууллагуудын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна. Үүнд:
-
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг
-
Нийслэл Өргөө амаржих газар
-
П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт
-
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
-
Халдварт өвчин судлалын үндэсний төв
-
Гэмтэл согог судлалын үндэсний төв
-
Монгол Улсын Их сургууль
-
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
-
Монгол Улсын Боловсролын их сургууль
-
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
-
Авто тээврийн үндэсний төв
-
Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл
-
МИАТ ТӨХК
-
Монгол шуудан ТӨХК
-
Хөдөө аж ахуйн бирж ТӨХК
Авлигын эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаа нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран чиг үүрэг, төсөв, процедур болон шийдвэр гаргах үйл явц, хүний нөөцийн асуудал зэрэг авлигын эрсдэл бүхий дараах асуудалд тусгайлан чиглэсэн үнэлгээг хийнэ.
Авлигын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулснаар төрийн байгууллага дахь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа, түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Иймд төрийн байгууллага бүр “Авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу эрсдэлээ үнэлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших шаардлагатай юм.
Эх сурвалж: АТГ