Нойргүйдлийн ШИНЖ ТЭМДЭГ болон нойргүйдэлд орсноо ТАНИХ АРГУУД
Бүтэн нойртой хоносноор дархлаа дэмжигдэж, ой тогтоолт сайжирч, цаашлаад аз жаргалтай болох гээд олон талын ач тустай байдаг. Гэвч өнөө цагт бидний ихэнх нь өдөр тутамдаа нойроо хангалттай авч чадаагүйн улмаас нойргүйдэл болон бусад асуудалтай нүүр тулгарч байна.
Та ч бас өөрийгөө нойргүйдэлтэй гэж бодож байгаа бол энэхүү нийтлэлийг уншин нойргүйдлийн үед ямар шинж тэмдэг илэрдгийг мэдэж авч, хэзээ эмчид хандах шаардлагатай талаар мэдээлэлтэй болоорой.
НОЙРГҮЙДЛИЙН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД
- Унтахад хүндрэлтэй болох
- Тогтсон цагт унтахгүй байх
- Шөнө нэг болон түүнээс олон удаа сэрэх
- Буцаж унтаж чадахгүй байх
- Хэтэрхий эрт сэрэх
- Унтаад сэрэхэд нойр ханаагүй мэт мэдрэмж төрөх
- Бүтэн өдрийн турш нойрмоглох
- Байнга ядарч, сульдах
- Анхаарал төвлөрөлт буурах
- Ой тогтоолт буурах
- Шийдвэр гаргахад хүндрэлтэй байх
- Уур уцаартай болох
- Амархан өвдөж, дархлаа сулрах
- Сэрүүн үед осол, гэмтэл гаргах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.
Мөн зарим өвчний үед нойргүйдлийн дээрх шинж тэмдгүүд илрэх боломжтой. Ингээд эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хувийн зүгээс ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөөг хүргэж байна.
1. НУРУУ ӨВДӨХ
Зөөлөн тухтай орон дээр хэвтэж байгаа ч нуруу тань өвддөг бол хажуу талаараа харж унтахыг зөвлөе. Харин танд хажуу талаараа харж унтах нь тухгүй байдаг бол дээшээ харж хэвтээд хөлөн доороо томхон шиг дэр тавиад унтаад үзээрэй.
Жич: Та доошоо харж унтдаг бол гуяынхаа дор дэр тавьж унтаарай.
2. МӨРНИЙ ӨВДӨЛТ
Шөнө мөр тань өвдөж өглөө сайтар амраагүй мэт мэдрэмж төрж байна уу? Тэгвэл орой унтахдаа дэр тэврээд дээшээ хараад унтаарай. Дэр тэвэрч унтах нь ихэнх өвдөлтийг намдаах үр дүнтэй арга. Магадгүй тэврэлт хүний биед аз жаргалын даавар ялгаруулдагтай адил дэрийг хүн гэж төсөөлснөөр өвдөлтүүд намддаг ч байж болох юм.
Жич: Хажуу талаараа харж унтах хэрэггүй.
3. ХҮЗҮҮНИЙ ӨВДӨЛТ
Хүзүү өвдөлтийг дэрээр шийдэх боломжтой. Гол нь дэр таны хүзүү орчмын хэсгийн онцлогт таарсан /хэт өндөр биш, хэт нам биш, хэт зөөлөн эсвэл хатуу биш гэх мэт/ байх ёстой. Судалгаагаар латекс дэр хамгийн тухтай байдаг гэнэ.
Жич: Хэрэв та энгийн дэр дэрлэдэг бол 2 жил тутамд дэрээ сольж хэвшээрэй.
4. ЦЭЭЖ ХОРСОХ
Шөнө унтахад цээж хорсож чилээрхдэг бол өндөр дэр дэрлэж зүүн талаараа харж унтахыг зөвлөж байна.
Жич: Цээж хорсох бүрд зүүн тийшээ харж унтаад байж болохгүй. Эмнэлгийн байгууллагад хандаж өвчний шалтгааныг тогтоогоорой.
5. ХУРХИРАХ
Та шөнө унтахдаа хурхирдаг бол дээшээ харж унтахаас зайлсхийгээрэй. Хажуу талаараа харж унтах нь их үр дүнтэй байдаг.
Жич: Согтууруулах ундаанд агуулагдаж буй тайвшруулах үйлчилгээтэй бодисууд нь эрүү болон хоолойн булчинг сулладаг. Улмаар эдгээр суларсан булчин амьсгалын замыг хаагдуулж хурхирдаг байна. Тиймээс унтахынхаа өмнө согтууруулах ундаа бүү хэрэглээрэй.
6. ШӨРМӨС ТАТАХ
Шөнө унтаж байхад шөрмөс татах нь булчин болон мэдрэлийн ядаргаатай холбоотой. Хэрэв шөрмөс тань татдаг бол өдөрт сунгалтын дасгал хийж хөлөндөө массаж хийж хэвшээрэй.
Үргэлжлүүлэн сайн нойр авахад ямар дасгал хөдөлгөөн хийвэл тохиромжтой байдаг талаарх мэдээллийг хүргэе. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь стрессийг багасгаж, өдрийн турш сэргэг байлгаж, нойрны чанарыг сайжруулах ач тустай. Түүнчлэн нойргүйдлийн шинж тэмдгүүдийг багасгаж, биеийн бусад зовиурыг илааршуулах чадалтай.
Баталгаатай нойр хүргэх дасгал гэж байхгүй ч ямар ч дасгал хөдөлгөөн сайн эмчилгээ болж чаддаг шүү дээ. Ялангуяа дараах гурван төрлийн дасгал нойргүйдэлтэй нүүр тулгарч буй хүмүүст эерэг үр нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоосон байна.
НОЙРОО САЙН АВАХАД ТАНЬ ТУСЛАХ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН
АЭРОБИК
Гүйх, хурдан алхах, дугуй унах, усанд сэлэх зэрэг эрчимтэй дасгалуудыг тогтмол хийж хэвшсэнээр хөнгөн зэргийн нойргүйдлийг анагаах боломжтой гэдэг нь судалгаагаар батлагджээ. Гэхдээ долоо хоногт дор хаяж 150 минут дунд зэргийн эрчимтэй (эсвэл 75 минутын хүчтэй эрчимтэй) аэробикийн дасгал хийх зорилго тавиарай.
ФИТНЕС
Булчин хөгжүүлэх дасгалууд нь нойрны чанарыг сайжруулдгаас гадна шөнийн турш бөх унтахад тусалдаг байна.
ИОГ
Иог, сунгалт, амьсгалын дасгал зэрэг нь стрессийн түвшинг бууруулах онцгой ач холбогдолтой. Найман долоо хоногийн турш өдөр бүр тасралтгүй иог хийсэн нойргүйдэлтэй хүмүүст илүү хурдан, илүү олон цаг унтах зэрэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлжээ.
Хэрэв танд нойргүйдлийн 5 болон түүнээс олон шинж тэмдгүүд илэрсэн, тогтмол дасгал хөдөлгөөн хийсэн ч энэ нөхцөл байдал дээрдэхгүй байвал эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Бид дараагийн дугаарт нойргүйдэлтэй эсэхийг тодорхойлох мэргэжлийн сэтгэл зүйн тест бэлтгэн хүргэх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.