Хүйтний улиралд нүд хуурайшихыг хэрхэн эмчлэх вэ?
Хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны хувьд сэрүүн цаг агаартай үед, ялангуяа хүйтний улиралд нүд хуурайших, аргах зэрэг зовиур илэрдэг. Тэгвэл энэ нь юунаас болдог, зовиурыг хэрхэн эмчлэх хэрэгтэй байдаг талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.
Тоолгүй орхиж болохгүй
Бид нүд хуурайших зовиурыг эмчид үзүүлэх шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ дур мэдэн бүтээгдэхүүн хэрэглэх, уламжлалт аргуудыг ашиглах зэрэг нь нүдний салстыг гэмтээж, ужиг өвчин үүсгэх эрсдэл дагуулна. Нүд хуурайших шинж тэмдэг илэрсэн бол нүдний эмчид ханд.
Хэрхэн эмчлэх вэ?
Таны нүд хуурайшсан бол хиймэл нулимс дусааж, үрэвсэл намдаах нь нулимс бүрэлдэх үйл явцыг дэмжих хамгийн зөв арга юм. Нүдний эмч нар нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хадгалах бодис агуулаагүй хиймэл нулимс сонгон хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хадгалах бодис агуулсан хиймэл нулимс, дусаалга нь нүдний загатнаа үүсгэх, нулимс ялгаралтыг удаашруулахад хүргэдэг.
Нүд хуурайших эмгэгийн шинж тэмдгүүд
Нүд өвдөх, загатнах эсвэл халуу шатах, гэрэл харахад мэдрэмтгий байх, улайх, нүд ядрах, бүрэлзэх, нүдэнд юм орчихсон мэт мэдрэгдэх зэрэг нь нүд хуурайшилтын шинж тэмдэг юм.
Нүд яагаад хуурайшдаг вэ?
Нулимс бол тослог шингэн юм. Энэ нь нүдийг тав тухтай байдлаар хангах, эрүүл байлгах болон тоос шороо, бохирдлоос хамгаалах үүрэгтэй. Хэрэв таны нүд хуурайших болсон бол нулимсны системд ямар нэгэн доголдол үүссэн гэж ойлгож болно.
Байгалийн жам ёсны насжилт, цэвэршилт, цаг уурын эрс тэс нөхцөл, жирэмслэлт, сарын тэмдэг ирэх, дааврын өөрчлөлт зэргээс болж эмэгтэйчүүдийн нүд хуурайших нь элбэг. Мөн зарим төрлийн харшлын эм, сэтгэл гутралыг эмчлэх эм зэрэг нь нулимсны ялгаралтыг бууруулдаг. Өвчнүүдээс чихрийн шижин, бамбай булчирхайн өвчлөлийн үед нүд хуурайшина. Мөн утаа, хиншүү хярвас, салхи, харааны линз удаан зүүх, хараа заслын хагалгаа хийлгэсний дараа нулимс ялгаралт багасаж, нүд хуурайших магадлалтай.