Тээвэрлэлт, түгээлтийн нэгдсэн системийг хэрэгжүүлж эхэллээ
УОК-ын үүрэг даалгаврын дагуу ЗТХЯ, ХХААХҮЯ хамтран Бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио хязгаарлалт тогтоосон энэ үед цахим технологи "Тээвэр зууч" программ ашиглан хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж түгээх ажлыг зохион байгуулж эхэллээ.
Тодруулбал, хүнсний болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийг Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооноос санаачилж боловсруулсан “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглаж байна. Энд ЗТХЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ЦЕГ, ТЦА, АТҮТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн хүнс, ХАА-н газар зэрэг холбогдох байгууллага хамтран ажиллаж байна.
11 дүгээр сарын 21-22-нд ачаа бараа илгээгч, хүлээн авагч, тээвэрлэгч нарт зориулсан 4 удаагийн онлайн сургалтыг зохион байгуулж, “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-д бүртгэлжүүлэх, QR код олгох ажлуудыг хийж эхэлжээ. Одоогийн байдлаар тус системд нийт 2531 хэрэглэгч (хувь хүн, ААН) бүртгүүлээд байна. Энэ талын зохицуулалтын түр журмыг Монгол Улсын Шадар сайдын энэ оны 11 дүгээр сарын 20-ны 147 дугаар тушаалаар батлуулаад байна.
Нийслэлд хүнс, нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтэд "Тээвэр зууч" цахим программ ашиглаж эхэллээ
Системд өнөөдрийн байдлаар 1416 тээвэрлэгч бүртгүүлээд байгаагийн 1217 нь тээвэрлэлт гүйцэтгэж, ачаа- тээвэрлэлтийн зохион байгуулалтад орж эхлэлээ. Энэ үйл ажиллагааг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын албан хаагчид хянах боломжтой бөгөөд тээвэрлэгчийн баталгаажсан тээвэрлэлтийн мэдээлэл, QR кодыг ухаалаг гар утас болон тусгай төхөөрөмжөөр уншуулж, хаанаас аль бөөний худалдааны төвөөс ямар ачааг хэзээ ачиж, аль маршрутаар хаана, аль дэлгүүр, хүлээн авагчид хүргэж байгааг шалгаж хянах юм. “Тээвэр зууч” программыг ашигласнаар:
- Ачааг илгээгч болох бөөний худалдааны төв, логистикийн төв, ачааны терминалууд, тээвэрлэгчид болон ачаа хүлээн авагчид интернетээр өөрсдийн мэдээллийг оруулах,
- Ачаагаа илгээх, хүлээн авах, ачаандаа тохирсон хариуцлагатай тээвэрлэгчийг сонгох,
- жолооч нар тээврийн үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэх, замын хөдөлгөөнд оролцохдоо хормын төдийд хянуулж шалгуулан, сааталгүй зорчих,
- Хүн хоорондын шууд харьцах халдварын эрсдлээс бүрэн дүүрэн хамгаалах боломж бүрдэж байна.
“Тээвэр зууч” программыг зөвхөн нийслэл хот төдийгүй бусад бүх томоохон хот суурин болон хот хоорондын тээврийн үйлчилгээ, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамж, түгээлтэд, түүнчлэн хөдөө орон нутгаас хот суурин, үйлдвэрийн газруудад хүргэх түүхий эдийн тээвэрлэлтэд ашиглах аж. Ингэснээр ачаа барааны урсгалын нэгдсэн мэдээллийн систем бүрдүүлж, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах юм.