Ном уншиж байхдаа тэмдэглэл үйлдэх хамгийн үр дүнтэй 3 арга

Бид юуны тулд ном уншдаг вэ? Ялангуяа баримтат номыг? Дотроос нь юм сурах гэж, мэдлэгээ өргөжүүлэх гэж, өөрөөр хэлбэл илүү ухаантай болохын тулд уншдаг шүү дээ. Харин ямар номыг яаж уншихад, дараа нь уншсан номынхоо хэргийг хэрхэн гаргахад их учир бий. Ном уншаад тухайн үедээ зарим зүйлийг ойлгоод, сэтгэл ханаад өнгөрч болох ч номтойгоо сайн "ажиллаагүй" бол хэсэг хугацааны дараа бид мартаж орхидог. Мартаж гэм өөрийгөө зүхээд ч байх хэрэггүй, хүний тархи ингэж л ажилладаг. Уншсан зүйлээ эргэн санахын тулд, номоос олж авсан зүйлсээ амьдралд ашиглая гэвэл та зайлшгүй өөрийн гэсэн арга техниктэй, тэмдэглэх арга барилтай болох хэрэгтэй. Өнөөдөр бид энэ сэдвээр, чанартай сайн контентуудаараа уншигчдын талархлыг хүлээсэн Farnam Street блогийг үүсгэн байгуулагч Шэйн Паришийн зөвлөгөөг хүргэе.

Farnam Street блогийн уншигчид Шэйнээс ном унших үедээ хэрхэн тэмдэглэл үйлддэг вэ гэж байнга асуудаг байжээ. Тэрхүү асуултад юу гэж хариулсныг нь доор орчуулан толилуулъя.

НОМ УНШИХ ҮЕДЭЭ ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭХ НЬ

Уншигчдын надад ирүүлж буй асуулт бол үндсэндээ уншиж буй зүйлээ хэрхэн сайн ойлгодгийг минь асууж буй хэрэг юм. Уншлагаас олж авдаг мэдлэг бол 1) Юу уншиж буй 1а) Хэрхэн уншиж буй 2) Түүнээсээ юу юуг санаж, хооронд нь холбож буй 3) Мэдээллийг нөөцөөсөө гарган ирж, түүнийг ирээдүйн талаар төсөөлөхдөө ашиглах чадварын нийлбэр үр дүн юм. Би сүүлийн жилүүдэд аль болох их мэдээллийг эргэн санах чадвараа сайжруулахаар өөрийн гэсэн системийг бий болгоход гойд анхаарсан. Санаануудыг шүүлтүүрдэх, хооронд нь холбох хамгийн сайн аргын нэг бол үзэг, харандаа барин унших явдал юм. Уншиж байхад бодогдсон зүйлсээ бичвэрийн захад тэмдэглэх Marginalia гэх энэ "мөхөж" буй чухал урлаг уншсан зүйлээ эргэн санахад танд тусална. Бусад зүйлсийн адилаар хүн бүхэн нэг л тэмдэглэл үйлдэх аргагүй байж таарахгүй. Надад лав энэхүү гурван алхамт үйл явц тун ч сайхан нийцдэг юм. Би жилд аравхан ном уншихдаа ч, зарим жил 150 ном уншихдаа ч энэ аргыг ашигласан. Эцсийн эцэст өөрт тохирох системийг та өөрөө л бий болгоно. Үүний тулд алдаж онож хэсэг явахаас өөр аргагүй. Яагаад гэвэл энэ бол удаан үргэлжлэх дадал хэвшлийг бий болгох, ой санамжаа сайжруулах, хайж байсан зүйлсээ амархан олох цорын ганц арга юм.

Нэгдүгээр алхам

Ном аваад би хамгийн түрүүнд өмнөтгөл үг, гарчиг, хавтасны доторхыг нь хардаг. Мөн ашигласан материалын жагсаалтыг гүйлгэж харна. Багахан хугацаа авах энэ дадал надад ихээхэн хугацааг хэмнэж өгдөг юм. Энэ шүүлтүүрийг олон ном давж чаддаггүй. Магадгүй тэр ном миний олж авахыг хүссэн мэдээллийг өгч чадахгүй байж мэднэ. Хэрвээ тааруухан санагдвал зарим нэг хуудсыг нь санаандгүй сонгон, таамаглалаа баталгаажуулахыг хичээдэг. Системтэйгээр гүйлгэж уншихын нэг хэлбэр л дээ. Энэ бол "Ном унших ном"-ыг бичсэн Мортимер Адлерийн нэршил. Адлер номыг унших дөрвөн түвшин байдаг гэсэн. Миний хувьд ихэнх номыг уншихдаа хянан шалгах (inspectional) уншилтыг аналитик уншилттай хослуулдаг. Энэ аргаар би номыг уншиж эхлэхдээ гол санаа, гол үндэслэлүүд, зарим нэршлүүдийн талаар ойлголттой болчихсон, зохиогч намайг хаашаа залж аваачихыг мэдэж байдаг. Энэ бол маш хэрэгтэй мэдээлэл юм. Уншиж байх үедээ мэдээж тэмдэглэдэг. Би тодруулж харах ёстой үгсийг дугуйлдаг. Тухайн үндэслэл гаргалгаанд чухал нөлөөтэй гэж бодож буй санаануудыг одоор тэмдэглэдэг. Сонирхолтой санагдсан зүйлсийг доогуур нь зурдаг. Тэгээд текстийн захад яг л галзуу хүн шиг бичиж тэмдэглэж гарна даа. Үндсэндээ номын зохиогчтой харилцан яриа өрнүүлэхийг хичээдэг. Миний асуултуудад дараагийн хуудсууд, дараагийн бүлэг хариу өгч ч магадгүй. Би тэр асуултуудад хариу авахаар өөр ном хайх шаардлагатай болж ч магадгүй. Хэн мэдлээ? Юутай ч би бичиж тэмдэглэсээр л байдаг юм. Бүлэг бүрийн төгсгөлд уншсанаа базаж хураангуйлах хэд хэдэн санааг тэмдэглэдэг. Уншиж дууссаныхаа дараа би тус номыг товч тоймыг бичдэг. Үүний дараа харин би цөөн хүний хийдэг нэг зүйлийг хийдэг. Номоо ширээн дээр тавьж орхиод хэдэн өдөр гар хүрдэггүй. Маш чухал дадал!

Хоёрдугаар алхам

Би номоо дахин аваад бичсэн тэмдэглэлүүд, дугуйлсан, доогуур нь зурсан үгс бүрийг эргэн уншдаг. Заримдаа ч ингэж чаддаггүй л дээ. Энэ үед би тухайн номыг анхны удаа уншиж буй хүн байхаа больсон байдаг. Хоёр зүйл өөрчлөгдсөн нь: 1) Би тухайн номыг бүрэн уншчихсан 2) Тухайн үед үнэхээр онцгой, ангайлгам санагдаж байсан зүйлсийг хэсэг бодож амжсан, тэр нь онцын санагдахаа больсон байдаг. Хоёр дахиа унших үед зарим зүйл миний сонирхлыг татсаар байвал би номын эхний хуудсуудын хоосон зайд өөрийн үгээр тэмдэглэл бичдэг. Заримдаа зүгээр товчлол, заримдаа тухайн мэдээллийг ашиглах арга замын тухай бичдэг. Тэгээд тэрхүү тэмдэглэлээ бичсэн хуудасны дугаарыг бичиж авна .

Гуравдугаар алхам (Заавал хийх албагүй, гэхдээ маш үр дүнтэй)

Дахиад хэдэн өдөр хүлээнэ. Номоо дахин гүйлгэж хараад, хийсэн тэмдэглэлүүдээ "Ерөнхий мэдлэгийн дэвтэр" рүүгээ хуулна. Энэ зуур тэмдэглэлүүдийнхээ талаар эргэцүүлж, санаануудыг холбон боддог. Эргэн санахад хялбар болгох үүднээс тухайн санаануудыг аль хэдийн уншиж ойлгосон, ухаарч өөриймшүүлсэн санаануудтайгаа холбон боддог. Энэ нь энэ санааны үргэлжлэл үү? Эсвэл энэ санааг орлох зүйл үү? Арай өөрөөр илэрхийлсэн ижил санаа юу? Эдгээр холболтуудаа би тэмдэглэлдээ нэмж өгч, тархи толгойдоо шингээж авахыг хичээдэг юм. Заримдаа буруу бодох нь ч бий. Гэхдээ л энэ үйл явцаа ягштал дагана. Ийм ийм шалгуураар гарч ирсэн, бодож эргэцүүлсэн санаануудаа Farnam Street дээр бичиж нийтэлдэг. Ингэж санаанууд дээр ажиллаж, хоорондын уялдаа холбоог нь бодож, бичиж нийтлэх нь тухайн зүйл, тухайн сэдвийн талаарх миний ойлголтыг улам бүр нэмдэг. Надтай адил олон мянган хүнтэй хуваалцахгүй байлаа ч та өөрийн дэвтэр дээр, эсвэл Evernote рүүгээ оруулчихаж болно. Миний хувьд энэ үйл явцад технологийг ашигладаггүй. Би барагтай аудио ном сонсдоггүй. Харин та сонсдог бол сонсож байх үедээ бас тэмдэглэж болно. Олон хүн машиндаа, ийш тийш явж байхдаа сонсдог учраас тухайн үедээ биш зорьсон газраа хүрсэн хойноо тэмдэглэх нь бий. Хэдий тэрхүү тэмдэглэл үр дүнтэй байх магадлалтай ч бас 100 хувь үнэн зөв санахгүй байж болохыг анхаарна биз ээ.

ЗӨВЛӨГӨӨГ ТОВЧИЛБОЛ

1. Бүлэг бүрийн төгсгөлд уншсан зүйлсийг тань хураангуйлах, чадвал өөртөө хамаатуулах хэд хэдэн санааг бичиж тэмдэглэх. Мөн хариулт аваагүй зүйлсийг асуулт болгон тэмдэглэх. Уншиж дуусаад номоо 7 хоног орхих.

2. Номоо эргэн сөхөөд тэмдэглэлүүдээ унших. Тэдгээрийн дийлэнх нь энэ үед хэрэггүй болсон байх хэдий ч эргэн санахыг хүсэх зүйлс цөөнгүй байх болно. Нэмэлт тэмдэглэл, сэтгэгдэл бичих. Тэдгээрийг номын дотор хавтсанд хуудасны дугаартай нь оруулах.

3. Тэмдэглэлүүдээ гараар хуулан дэвтэртээ буулгах, эсвэл Evernote -дөө шивэх буюу зургаар оруулах. Ингэхдээ тохирох сэдвийн ангилалд оруулах (Tag).

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.123)